“Хонх” хамтлаг Rokit Bay-тэй хамтран “Үүлэн цоорхойн нар” дуугаа залуу үедээ зориулан шинэ хувилбараар үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ардчиллын дууч шувуу “Хонх”-ын С.Цогтсайханы хүү Ц.Түшигтэй оюуны өмч болон бусад зүйлсийн талаар ярилцлаа. 

-Таныг Ардчиллын дууч шувуу “Хонх”-ын Цогтсайханы хүү гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. Тэгвэл таны хувь хүн талаас яриагаа эхлэх үү? Ямар зан араншин, ямар хүмүүжилтэй хүн юм бэ?

-Надад гэр бүлээс өгсөн хүмүүжил бол урлагийн жирийн нэгэн гэр бүлд өссөн. Юмыг олон талаас нь харах үнэн шударга байх гэдэг бол миний амьдралдаа дандаа эрхэмлэж явдаг зүйлүүдийн нэг гэж би хувьдаа боддог. 

-Танд харамсаж явдаг зүйл байдаг уу?

-Би аавтайгаа маш богинохон хугацааг өнгөрүүлсэн. 10 гаруйхан жил хамт байсан болохоор ааваасаа их юм сурч чадаагүй. Хэрвээ би тэр үед очоод аавын үзэл бодол, ирээдүйд хийгдэх төлөвлөгөөнүүд юу байсан юм, Цогтсайхан гэж хэн бэ гэдгийг сурч мэдэх байсан. Тэр дээр би маш их харамсаж явдаг. Аавтайгаа хэтэрхий богинохон хугацааг өнгөрүүлсэн гэж боддог. 

-Ирээдүйн зорилго, мөрөөдөл нь юу вэ?

-Би уран бүтээлч хүн. Тийм болохоор урлагаараа хүмүүст нөлөөлөхийг хүсдэг. Тэгэхийн тулд мэдээж оюуны өмчийн хэрэгжилт, оюуны өмчийг үнэлье гэж нэлээн хүчтэй дуу хоолойгоо хүргэе гэж би боддог. 

-Хонх хамтлаг саяхан Rokit Bay-тэй хамтран “Үүлэн цоорхойн наран” дуугаа цоо шинэ хувилбараар гаргаж ирлээ шүү дээ. Та үүний клипэнд тоглосон байсан. Энэ дуу хэрхэн бүтэв?

-Rokit Bay манай “Хонхын Цогтсайхан сан” руу холбогдож оюуны бүтээл хамтарч хийе гэдэг саналыг дэвшүүлсэн. Манай аавын дууг хүндлээд орчин үед шинээр амилуулан хамтын бүтээл болсонд маш их баяртай байгаа. Rokit Bay болон хамт олонд нь баярлалаа гэж хэлье. 

-Дараагаар нь Хонх хамтлаг бүрэлдэхүүнээрээ Rokit Bay -ийн тоглолтод оролцож хит дуунуудаа дуулсан нь олны дунд хүлээлт үүсгээд байна. Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Цэнгэлдэхийн дараа маш их урам зориг авсан. Хүлээлт, эрэлт байгаа юм байна. Фенүүд нь Хонхыг сонсохыг хүсэж байгаа юм байна гээд бид “Хонх” хамтлагийн 36 жилийн ойн тоглолтыг ирэх жил төлөвлөөд ажилдаа орчихсон явж байгаа. 

-Хонх хамтлагийн пянз гараад багагүй хугацаа өнгөрсөн. Хөгжим сонирхогчдын дунд эрэлттэй пянз гэж зүй ёсоор тооцогдож байна. Үүний талаар ярихгүй юу?

-Гурав, дөрвөн жилийн өмнө пянз гаргаад эрэлт нэлээд ихэсчихсэн байгаа. Тэгэхээр фенүүдэд нь зориулж дахиад пянз гаргая, тоглолт хийе, баримтат кино гаргая, Цогтсайхан дуулахаас гадна өөр ямар уран бүтээлүүд, нийтлэлүүд нь ямар юм, ардчилалтай ямар холбоотой юм, нийгэмд ямар байр суурьтай байсан юм гэдгийг нь залуу үедээ мэдрүүлье гэсэн зорилготой байгаа. 

-Хонх хамтлаг өмнө нь ардчилсан үзэл санаатай холбоотойгоор Хонхны дуугаараа залуучуудад танигдаж байсан. Одоо үед харин “Хайр минь билээ чи”, “Үүлэн цоорхойн нар” зэрэг хүмүүс хоорондын харилцаа, хайр сэтгэлийн сэдэвтэй дуунуудаараа дахин танигдаж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Ийм учраас Хонх хамтлаг Хонхны дуугаа олон нийтийн өмнө дуулахгүй байгаа хэрэг үү?

-Хонх хамтлаг зөвхөн Хонхны дуугаар нийгэмд гарч ирсэн юм биш. Тухайлбал, “Албан тасалгааны цонхоор”, “Цаасан малгай” гээд алдартай дуунууд байна. Эдгээр дуунуудаараа тухайн үед нийгэмд нөлөөлж байсан. Одоо шинэ үе гарч ирээд сонсогчдын дунд хайр дурлалын дуу нэлээд хит болж явж байгаа. Жишээлбэл, бидний сайн мэдэх “Хайр минь билээ чи” хэмээх дуу байдаг. Дараагаар нь “Үүлэн цоорхойн нар”, “Алтан хавчаар” гэсэн дуунуудыг хүмүүс их сонсдог. 

-“Хонхны дуу” таны аавын зохиосон дуу хэр нь сонгууль дөхөхөөр зарим нэг нам сурталчилгаандаа их ашигладаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Мэдээж энэ дээр зохиогчийн эрх яригдана шүү дээ. Эсвэл аль нэг намтай хамтарч ажилладаг юм уу?

-Оюуны өмчийг Ардчилсан нам зөрчөөд маш олон жил болж байгаа. Үүнийг хамгаалахын тулд “Хонхны Цогтсайхан сан” гэж байгуулагдсан. Энэхүү дууг сонсохоор намд зориулсан дуу бол биш. Харин хүний эрх, эрх чөлөөний тухай ард түмний дуу юм. 

-Ардчилсан намд зохиогчийн эрхийн талаар шаардлага хүргүүлж, хэлж байсан уу?

-Бид Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр болон түүний фракцад “Оюуны өмчөө дээдлээч ээ, Хонх хамтлагийг хүндлээч ээ, танайх оюуны өмч зөрчөөд байна гэж удаа дараа бичиг хүргүүлж, хэлсэн. Тэгэхэд “Бид энэ дууг ашиглахаа больсон” гэж манай санд албан ёсоор мэдэгдсэн. Гэвч сонгууль болгоноор нэр дэвшигчид нь хурал цуглаан дээр ашигладаг. Тэгээд сонгууль дуусахаар энэ дууг хэн ч дурсдаггүй, ямар ч үнэ цэнгүй болдог. 

Гэвч үүнийг үл тоосон учраас бид Ардчилсан намыг оюуны өмч зөрчсөн гэдгээр шүүхэд өгнө. 

-Ярилцсанд баярлалаа. 

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу