Ямартай ч жүжгийн эхлэл хэсэгт мэл гайхсанаа нуух юун. Би ийм сэтгэл хөдлөлгүй болчихсон хэрэг үү, эсвэл энэ тайзан дээр өрнөх жүжгийн үйл явдал нэг л бууж өгөхгүй байна уу гэж өөрөөсөө удаа дараа асуулаа.
Та бүхний сонорт хүрснээр Хятадын алдарт зохиолч Уй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжиг олны хүртээл болоод буй. Номыг нь уншсан хүмүүс үйл явдлыг нь гадарлах ч найруулагчийн шийдэл ямар байх бол гэсэн хүлээлт асар их байсан.
Хүлээлтэд хүрсэнгүй гэж өөлөх, муулах хэмжээний мэргэжлийн мэдлэг үгүй тул жир үзэгчийн хувиас үзээд, төрсөн мэдрэмжээ энд хуваалцлаа.
       “Найруулагчийн сэдсэн төгс зүйлийг үзэгч ойлгохгүй байж болно”
Тайз засалт гэх юмгүй хов хоосон. М.Батболд найруулагчийн өнгө яг л мөн. Дүр бүр нэг дөрвөлжин хөдөлгөөнт тайз дээр байрлажээ. Найруулагчийн өмнөх жүжгүүдэд ч гаргасан шийдэл байлаа. За тус бүрдээ орон зайтай, ертөнцтэй дүрүүд гэж ойлгов. Харин жүжигчдийн дуу хоолойн өнгө, хэлэх гэсэн санааг эхний хэсэгт лав юуг нь ч ойлгоогүй юм. Энэ тал дээр
Соёлын төв өргөөний тайз, хөгжмийн техник хэрэгсэл үнэхээр муудсан гэдгийг л ойлголоо. Хөгжим нь царгиж, улиад, жүжигчдийн микрофон нь ч тасалдан, шажигнаж байгааг харахад сайн жүжгийг, сайн театрт үзвэл үнэхээр дотогшоо мэдрэгдэх байхдаа гэж бодсон.
Тус жүжгийн хамт олны анхны тоглолт, бэлтгэл сургуулилт дуусаад анх үзэгчидтэйгээ мэндчилж буй мөч нь гэж бодоод зарим алдааг тоохгүй өнгөрөх нь зүйтэй байх.
Ингээд тайзан дээрх үзэгдлүүд эхэндээ нэг л учраа олохгүй өрнөж байлаа. Эхний хэсэгт гарах үйл явдал цаг хугацааны дарааллын хувьд ч үсэрч, ирж буцан өгүүлэх нь жир мань мэтэд ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Жүжгийн зохиолч Мө.Батбаяр угтаа бол уран сайхны кино шиг л өрнөхөөр бичсэн мэт сэтгэгдэл төрнө.
Хүү нь цусаа өгсний дараа үхэж буй хэсгийн үнэ цэн, өгүүлэмж нь туужийг уншихад үнэхээр дотор зурдаг сан. Гэтэл энэ удаад хүү  Ёу Чин нас барж, уй гашуу тэдний амьдралыг дайрсан хэсэг нь гарсан ч уй гашууг нь хоёрдох хэсэгт  гаргаж байх жишээтэй. Үхлийнх нь үнэ цэн юунд ч байсан юм. Тэгээд нас барсных нь дараа үйл явдал мөн л хэд хэд үсэрч, үхсэн хүүхэд нь бага насныхаа төрхөөр гарч ирэх зэргийг олны хэсэг бол эргэлзсээр л хүлээж авсан. Зэргэлдээ суусан хэсэг хүмүүсийн ярианаас анзаарсан болно.
Харин нас барсныг нь хэлж чадахгүй байх Фуй Гүйн аргацаасан өдөр хоногууд, түүнийг нь мэдэрсэн ч шүдээ зуун тэсэж өнгөрөх Жя Жэний өгүүлэмжийг үзэхэд урамтай байлаа.
Мөн бусад хэсгүүдэд цаг үргэлж гарах цагаан бөмбөлгүүд. Тэдгээрийн мөн чанар, өгүүлэмжийг нэг их ойлгоогүй ч шийдлийн хувьд сонирхолтой байсан. Дайны ид үеэр бүр үзэгчид рүү баахан бөмбөлөг шидэхэд нь ч хэсэг эргэлзэж байсан тархи сатаарч суудлаасаа өндөлзөөд авсан юм.
Гэвч “амины чулуу”-гаа дамжуулах болоод тайзан дээр тасралтгүй өнхөрсөөр байх бөмбөлгүүд бусдад нэг их ойлгогдоогүй юм. “Яг яагаад, яачихав” гэдэг шиг л болсон гэх үү дээ.
Коммунист намын дарга ард иргэдийн төмөр эд зүйлийг хураан авч төмөр хайлуулан сум хийх тухай нэг хэсэг бий. Яг л уран сайхны кинон дээрх шиг юм. Тайзан дээр тавигдсан жүжиг биш, уран сайхны кино байсан бол гэх бодол ч төрнө. Учир нь үйл явдлын дараалал нэгэнтээ алдагдсан үед гарч байгаа нь авцалдахгүй байгаа мэт л санагдсан.
“Хэн нь, хэн юм бэ”
Дээр дурдсанчлан үйл явдал наана цаанаа орон үсэрч байх эхний хэсэгт Фуй Гүй болон түүний хүү, мөн Жя Жэнийн ч мөн чанар, дотоод хүнийг ойлгож амжсангүй ээ. Ямартай ч мөрийтэй тоглоомд хамгаа алдан цөхөрч явахдаа хүүгээ алдсан залуу гэх ойлголт л хамгийн энгийнээр буув. Мөнөөх Жя Жэнийн эр нөхрөө тэвчин дэргэд нь үлдсэн сэтгэлийн хат, хайр сэтгэлийн нандин мэдрэмжүүд өгүүлэгдэх ч үгүй явсаар нэг мэдэхэд л ноорхой хувцастай дэргэд нь үлдсэн байх нь тэр.
Фэн Шя бол бүр өгүүлэгдэхгүй явсаар хоёр дахь хэсэгт гарч ирсэн. Тиймдээ ч Фэн Шягийн хэсэг сайхан болсон. Үзэгчид ч санал нийлэх биз. Энгийн тавилттай энэ хэсэг үнэхээр л дүрүүдийн зан чанар болоод өрнөх үйл явдлыг урлан харууллаа. Ван Шигийн дүрд тоглосон жүжигчин Д.Мөнхтөмөр харин ч нэг тайзыг эзэгнэж чадсан. Эл хайрын түүх болоод хагацлын шаналант мэдрэмжүүдийг үзэгчид рүү хайр найргүй цацаж, түүнийг ч үзэгчид цагаан арчуураар арчиж байсан юм. Фэн Шягийн дотоод ертөнцийн айдас болоод гэрэл гэгээг гаргах тал дээр жүжигчин Б.Должинсүрэн залуу гэж чамлахааргүй ажиллажээ.  Хэлгүй хүний дуу хоолойг хүмүүс мэдэх ч энэ удаагийн тайзан дээрээс үзэхэд  уруул ам өмөлзүүлж, өөрийн эрхгүй гэмшил төрүүлж байлаа.
Жүжгийн эхэнд Банкир, Лүн Эр, Сумангийн дарга, Хотын дарга гэх мэт олон дүр гарах ч нэг их лавшраагүй алга болсон. Харин Жя Жэн эхэндээ мэдэрч тэмтэрсэн бүхэн нь нууцлагдмал явсаар жүжгийн жүжгийн хоёрдугаар хэсгээс амилан гарч ирээд Фуй Гүйн гунигт амьдралын хэсэгт албан ёсоор оролцлоо. МУГЖ Ганцэцэгийг дахин нэг удаа биширсэн гэж болно. Амьдралын бүхий л үед нь эр нөхрийнхөө дэргэд байж чадсан гайхалтай эмэгтэй тухай өгүүлэхээс татгалзаж, үзэгч танд үлдээе. Үзвэл л мэдрэх сайхан зүйлс энэ жүжигт олон бий юм билээ.
МУГЖ Д.Баттөмөрийн увайгүй, баян, тоглоомын донтон Фуй Гүйн дүрд тоглосон. Энэ удаад тэрбээр тун гайхалтай байлаа. Жүжгийн төгсгөлд хайртай гэргийнхээ сүүлийн амьсгалыг гар дээрээ хураалгаж, цамцыг нь тэврээд зогсож буй дүр төрх сэтгэл нэн ойрхон буусан юм.
“Уй Хуагийн Амьдрахуй” тулдаа л үзэгчид уйлаа
Уг туужийнх нь үйл явдлыг, Фуй Гүйн амьдралыг ажваас тэсгэл алдахгүй, уйлахгүй, эмгэнэхгүй, санаа алдахгүй хүн гэж байхгүй байх. Хачирхалтай нь жүжгийн хоёр дахь хэсэг эхлэх хүртэл нэг их сэтгэл хөдлөл илрээгүй юм. Нэг тийм, шинэ юмыг хүлээж авах дургүй хөгшин хүн мэтээр өөрийгөө мэдэрснээ нуухгүй ээ. Анхны үзвэр ингэж мэдрэгдсэн байж ч болно гэдгийг мөн сануулъя.
Эцэст нь гэхэд үнэхээр л уг тууж нь Амьдрахуй болохоор л үзэгчид уйллаа гэж бодсон. Үнэхээр үүнийг эх хэлнээ хөрвүүлсэн орчуулагч, зохиолч, яруу найрагч Мө.Батбаярын ур, бяраар бахархаж байна. Эл сэтгэгдэлд оруулах чухам өөр үг, хэллэг байхгүй тул илүү зүүсгэлгүй сэтгэгдлээ буулгалаа.
Жүжгийн төгсгөлд намрын хүйтэн бороонд нэвт норон, мананг туулж гэргийнхээ булшин дээр ирээд он удаан жил түүнийх нь үнэрийг хадгалсан цамцыг нь үнэрлэх Фуй Гүй шиг хүмүүс  бидний эргэн тойронд, бүх цаг хугацаанд бодитоор оршсоор ирсэн гэх бодол төрнө. Тэр даруй  дэргэд суугаа танихгүй нэгний нүүрээ нуун сэм санаа алдахыг чагналаа. Жүжгийн эхэнд байсан  Баттөмөрийн нүд, жүжгийн төгсгөл дэх Фуй Гүйн нүд ямар өөр болсныг дэргэдээс нь нэг хараарай гэж хэлмээр байна.
Жүжгийн эхлэлээс л төрсөн нэг сонин мэдрэмж бол “гоочлох”. “Тархиныхаа хэмжээгээр урлагаас хутган авагтун” гэж зэмлэх вий, намайг. Гэвч шинэ содон, өвөрмөц бүхэнд таарахгүй, наалдахгүй зүйл ч гэж бас байх болов уу.
Эл жүжгийн төгсгөлд тэр бүхнээ мартан арчуур эрж сууснаа нуух юун. Энэ сэрүүхэн танхимд алдаа дутагдалтайгаа, цоо шинэхнээрээ үзэгчдэд хүрсэн жүжгийн дүрүүд, тэдний сэтгэл хөдлөл, мөн чанарууд, зохиолын утга учрууд бүгд, хэн бүхний дотор байсан “жинхэнэ” өөрийг нь сэрээсэн ч байж мэднэ. Тэгээд бодохоор хүн бүрийн мэдэрсэн өөр байж, хүн бүрийн харсан нь өөр билээ.
Энэ мэтчилэн олон арван бодолд оруулсан, Орфейн хамт олонд баярлалаа.

Д.ДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу