Аавтайгаа хийсэн бичлэгүүд нь олны хайр, хүндэтгэлийг хүлээгээд буй Дамдины Дүүрэнжаргалтай ярилцлаа. 

-Аавтайгаа хэзээнээс бичлэг хийж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн жилийн шинэ жилийн үеэр Монголд ирэхдээ аавтайгаа бичлэг хийж, цахим сүлжээнд байршуулсан. Манай аав угийн хөгжилтэй, хайр хүрмээр хүн байдаг. Анх бичлэг хийж тавьсан даруйд хүмүүс “ямар хөөрхөн юм бэ, эерэг юм бэ” гэсэн сэтгэгдлүүдийг үлдээж байсан. Энэ үеэс л аавтайгаа хийсэн бичлэгээ цахим сүлжээнд байршуулж болох юм байна гэж бодсон. Бид хоёрын бичлэгт үлдээж буй хүмүүсийн сэтгэгдлийн 99 хувь эерэг байдаг. Аавд маань аз жаргал хүссэн тэр сэтгэгдлүүдийг аав маань уншаад маш их баярладаг. Улам л залуужаад байгаа юм шиг санагддаг.

-Аавтайгаа яаж дотно найз шиг нь байж чаддаг вэ?

-Миний ээж н.Хишигт хэмээх сайхан сувилагч хүн байсан. Манай аав, ээж хоёр хүүхдүүдтэйгээ маш их ярилцдаг, тоглодог, яг найз маань юм шиг бид хэдийг өсгөсөн. Тийм ч болохоор аав, ээжээсээ айх айдасгүй, чөлөөтэй байсан нь яг л найзууд шиг болгосон байна.

-Таны хувьд Австралид хэдэн жил амьдарч байна вэ. Саяхнаас тэнд аавтайгаа цуг амьдарч эхэлсэн байсан шүү дээ?

-Тийм ээ. Би Австралид хоёр жил амьдарч байна. Аавыгаа саяхан авчирсан. Австралид бүх зүйл байдаг, сайхан юм шиг боловч хамгийн хэцүү зүйл нь гэр бүлээ санах, хайртай хүмүүсээсээ хол байх юм. Аав, охин хоёрыгоо Австралид авч очих зорилготой хичээн ажиллаж байсан. Эхний ээлжид аавыгаа авчирсан байгаа. Удахгүй охиноо авч явах зорилготой ажиллаж байна.

-Аав нь англи хэлийг их л мэрийлттэй сурч байгаа нь харагдсан?

-Бага байхад аав маань намайг “Миний охин хичээлээ л хийчих” гээд “бөмбөгнөдөг” байсан. Гэтэл тэр цаг нь яг эсрэгээрээ ирчихсэн байна. Би аавд “миний аав чадна, 50 хэдэн нас чинь залуу нас, дахиад 50 жил амьдарна, англи хэл сур” гээд гуйдаг болсон. Аавыгаа Монголд байхад нь ганцаарчилсан сургалтад суулгасан. Мөн англи хэлний сургалтын бичлэг явуулдаг байсан. Би өөрөө англи хэл заадаг хэдий ч аавынхаа учрыг олно гэдэг хэцүү шүү дээ. Аав маань хагас жилийн хугацаанд англи хэлийг ойр зуур явах, худалдаа хийх, ажил хийхдээ дүрэмгүй сайхан ашиглаж, ярьдаг болсон байна лээ (инээв).

-Та өөрийнхөө ажил мэргэжлийн талаар ярихгүй юу?

-Би Монгол Улсад уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгсөөд, Сэргээн засах анагаах ухааны резидент хийгээд, Нийгмийн эрүүл мэндээр магистраа хамгаалчхаад гадагшаа явсан. Одоо Австрали улсад зүүний эмч (acupuncturist) мэргэжлээр ажиллаж байна.

Энэ дашрамд хэлэхэд, Монголд ажиллаж, амьдарч байгаа эмч нар маань ч гэсэн англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээд, шалгалт өгвөл зөвхөн Австрали ч гэлтгүй АНУ, Англи гээд улсуудад мэргэжлээрээ ажиллах боломж байдаг юм байна лээ шүү.

-Монгол Улс эмч, багш, цагдаа гэх мэт төрийн албан хаагчийн дутагдалд ороод байгаа. Таны хувьд Монголдоо мэргэжлээрээ ирж ажиллах бодол бий юу?

-Энэ бол миний сэтгэлийг өвтгөдөг зүйлүүдийн нэг. Гадаад улсад амьдарч байхад бодогддог л юм. Хүн эх орноо, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ санана. Мөн ийм олон жил сурчхаад эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахгүй байгаа ч юм шиг санагдана. Миний хувьд ойрын хэдэн жил төлөвлөсөн зорилго байгаа. Би бас тэр улсаас сурах зүйл, авах зүйл юу байна тэр бүхнийг сурч, мэдээд эх орондоо ажиллаж, амьдарна. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллах мөрөөдөлтэй. Ямартай ч аль хүртэл явж, юу хийж чадах вэ гэдгээ харчхаад эх орондоо заавал ирж амьдарна гэж амлаж байна аа. 

ТҮҮНИЙ ФЭЙСБҮҮК ХУУДСААР ЗОЧЛОХ БОЛ ЭНД ДАРНА УУ. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу