ХСҮТ-ийн хамт олон хавдрын тусламж үйлчилгээгээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хүндээ ээлтэй, өндөр үр дүнтэй, хор хөнөөл багатай оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, нутагшуулахын төлөө хичээж, амжилт гаргасаар байна.
Тус төвийнхөн 2024 оны 10 дугаар сарын 3-нд Монгол улсад анхны “Робот мэс заслын төв”-ийг нээлээ.
Уг сургалтын төвд БНСУ-ын Meere компанийн хиймэл оюун ухаанд суурилсан Revo-i мэс заслын роботыг суурилуулсан бөгөөд одоогоор тус төвийн элэг цөс нойр булчирхай, толгой хүзүү, эмэгтэйчүүд, ерөнхий мэс заслын долоон эмч суралцаж байна.
Сургалтын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Meere компанийн гүйцэтгэх захирал Ким Жүн Гү, ХСҮТ-ийн удирдлагууд болон робот мэс заслын сургагч багш нар оролцлоо.
Өвчтөний биед маш бага зүслэгээр мэс засал хийх, хагалгааны үед эмчид туслах хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн хөтөч, зааврууд, хагалгааны үеийн хүнээс хамааралтай сул тал, алдаа, эрсдэлийг бууруулсан тохиргоонуудаас гадна эмч битүү хувцастайгаар олон цаг үргэлжлэх хагалгааны турш бөхийж зогсдог байдал өөрчлөгдөж тухтай суугаад, чөлөөтэйгөөр ажлаа хийх боломж бүрдүүлдэг зэрэг олон дэвшилтэт шийдлүүд нь робот мэс заслын гайхалтай давуу тал юм.
Түүнчлэн робот мэс заслын үед хийгдэж буй хагалгааны бүх үйл явц том дэлгэц дээр харагдаж байдаг тул бусад эмч, резидент, феллов эмч нар харах, суралцах бүрэн боломжтой юм.
May be an image of 3 people, eyeglasses, hospital and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу