УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.10.04) нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний хүсэлтийг хүлээн авч, ажлын тав хоногийн завсарлага олголоо.

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. 

Учир нь УИХ Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Гэвч цаг хугацааны хувьд амжаагүй. 

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд нийцүүлэх үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай намын бүлгээс үзэж байна.

Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.5-д заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага олгохыг хүсье” гэлээ.

Ингээд УИХ-ын дарга МАН-ын бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өгснөөр хэлэлцэх асуудал дуусаж, өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу