Энэ долоо хоногийн /2024.09.30-10.04/ онцлох ярилцлагуудаас тоймлон хүргэж байна. 

Ц.Түшиг: “Хонхны дуу” Ардчилсан намын сонгуулийн хэрэгсэл биш

“Хонх” хамтлаг Rokit Bay-тэй хамтран “Үүлэн цоорхойн нар” дуугаа залуу үедээ зориулан шинэ хувилбараар үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ардчиллын дууч шувуу “Хонх”-ын С.Цогтсайханы хүү Ц.Түшигтэй оюуны өмч болон бусад зүйлсийн талаар ярилцлаа. 

-Таныг Ардчиллын дууч шувуу “Хонх”-ын Цогтсайханы хүү гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. Тэгвэл таны хувь хүн талаас яриагаа эхлэх үү? Ямар зан араншин, ямар хүмүүжилтэй хүн юм бэ?

-Надад гэр бүлээс өгсөн хүмүүжил бол урлагийн жирийн нэгэн гэр бүлд өссөн. Юмыг олон талаас нь харах үнэн шударга байх гэдэг бол миний амьдралдаа дандаа эрхэмлэж явдаг зүйлүүдийн нэг гэж би хувьдаа боддог. 

-Танд харамсаж явдаг зүйл байдаг уу?

-Би аавтайгаа маш богинохон хугацааг өнгөрүүлсэн. 10 гаруйхан жил хамт байсан болохоор ааваасаа их юм сурч чадаагүй. Хэрвээ би тэр үед очоод аавын үзэл бодол, ирээдүйд хийгдэх төлөвлөгөөнүүд юу байсан юм, Цогтсайхан гэж хэн бэ гэдгийг сурч мэдэх байсан. Тэр дээр би маш их харамсаж явдаг. Аавтайгаа хэтэрхий богинохон хугацааг өнгөрүүлсэн гэж боддог. 

-Ирээдүйн зорилго, мөрөөдөл нь юу вэ?

-Би уран бүтээлч хүн. Тийм болохоор урлагаараа хүмүүст нөлөөлөхийг хүсдэг. Тэгэхийн тулд мэдээж оюуны өмчийн хэрэгжилт, оюуны өмчийг үнэлье гэж нэлээн хүчтэй дуу хоолойгоо хүргэе гэж би боддог. 

-Хонх хамтлаг саяхан Rokit Bay-тэй хамтран “Үүлэн цоорхойн наран” дуугаа цоо шинэ хувилбараар гаргаж ирлээ шүү дээ. Та үүний клипэнд тоглосон байсан. Энэ дуу хэрхэн бүтэв?

-Rokit Bay манай “Хонхын Цогтсайхан сан” руу холбогдож оюуны бүтээл хамтарч хийе гэдэг саналыг дэвшүүлсэн. Манай аавын дууг хүндлээд орчин үед шинээр амилуулан хамтын бүтээл болсонд маш их баяртай байгаа. Rokit Bay болон хамт олонд нь баярлалаа гэж хэлье.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Видео хэлбэрээр үзэх: 

А.Борхүүхэн: Залуус минь, залуу наснаасаа хөдөлгөөнтэй бай

Өдгөө 71 настай хэдий ч өөрийгөө ялж, эрүүл амьдралын хэв маягийг бий болгосон бүжигчин, ахмад настан А.Борхүүхэнтэй ярилцлаа. 
-Таны нас сүүдэр хэд вэ?
-Би 1953 онд төрсөн. Өдгөө 71 насыг зооглож байна.
-Залуудаа хэр авьяастай байсан бэ?
-Залуудаа урлагийн авьяас байгаагүй. Хөгшрөөд тэтгэвэрт гарсны дараагаас л бүжиг сурч байна. Би залуудаа бүжиглэх байтугай олигтойхон ч хөдөлгөөн хийхгүй ажлын мөр хөөгөөд явчихсан хүн. 
-Хаана, ямар сургууль төгссөн бэ?
-Би Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Сангийн аж ахуйн агрономич 20 гаруй жил хийсэн. Тэгээд сүүлд зах зээлд орсны дараагаар барилгын салбарт 60 нас хүртлээ ажилласан. Ингээд л эрүүл мэндээ бодож хөдөлгөөнтэй янз бүрийн зүйлд хамрагдаж байгаа.
-Хэзээнээс бүжгийн урлагаар хичээллэж эхэлсэн бэ?
-2019 онд ахмадын хөдөлгөөнт гимнастикт орж байсан юм. Түүний дараагаар өнгөрсөн жилээс Сүхбаатар дүүргийн дэргэдэх шугам бүжгийн хамтлагт орсон.
-Үеийнхэнтэйгээ хамт бүжиглэхэд ямар мэдрэмж авдаг вэ?
-Маш гоё бүжиг сурахаас гадна хамт олны уур амьсгал гээд сэтгэлзүйн хувьд маш сайхан байдаг.
-Бүжгээрээ ямар ямар шагнал урамшуулал авч байв?
-2019 оноос Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хөдөлгөөнт гимнастикт явж тэр үед Улсын аварга болж байсан. Тэрнээс хойш хамтлагтайгаа дөрвөн удаа тэмцээнд орсон. Хороодын дундах тэмцээнд түрүүлж байсан.
Мөн Шугам бүжгийн холбооноос талбай дээр зохион байгуулсан тэмцээнд бид багаараа оролцоод түрүүлж байсан. Тэгээд саяхан Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

“Аав минь бичлэгийнхээ сэтгэгдлүүдийг уншаад улам л залуужаад байгаа юм шиг санагддаг”

Аавтайгаа хийсэн бичлэгүүд нь олны хайр, хүндэтгэлийг хүлээгээд буй Дамдины Дүүрэнжаргалтай ярилцлаа. 

-Аавтайгаа хэзээнээс бичлэг хийж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн шинэ жилийн үеэр Монголд ирэхдээ аавтайгаа бичлэг хийж, цахим сүлжээнд байршуулсан. Манай аав угийн хөгжилтэй, хайр хүрмээр хүн байдаг. Анх бичлэг хийж тавьсан даруйд хүмүүс “ямар хөөрхөн юм бэ, эерэг юм бэ” гэсэн сэтгэгдлүүдийг үлдээж байсан. Энэ үеэс л аавтайгаа хийсэн бичлэгээ цахим сүлжээнд байршуулж болох юм байна гэж бодсон. Бид хоёрын бичлэгт үлдээж буй хүмүүсийн сэтгэгдлийн 99 хувь эерэг байдаг. Аавд маань аз жаргал хүссэн тэр сэтгэгдлүүдийг аав маань уншаад маш их баярладаг. Улам л залуужаад байгаа юм шиг санагддаг.

-Аавтайгаа яаж дотно найз шиг нь байж чаддаг вэ?

-Миний ээж н.Хишигт хэмээх сайхан сувилагч хүн байсан. Манай аав, ээж хоёр хүүхдүүдтэйгээ маш их ярилцдаг, тоглодог, яг найз маань юм шиг бид хэдийг өсгөсөн. Тийм ч болохоор аав, ээжээсээ айх айдасгүй, чөлөөтэй байсан нь яг л найзууд шиг болгосон байна.

-Таны хувьд Австралид хэдэн жил амьдарч байна вэ. Саяхнаас тэнд аавтайгаа цуг амьдарч эхэлсэн байсан шүү дээ?

-Тийм ээ. Би Австралид хоёр жил амьдарч байна. Аавыгаа саяхан авчирсан. Австралид бүх зүйл байдаг, сайхан юм шиг боловч хамгийн хэцүү зүйл нь гэр бүлээ санах, хайртай хүмүүсээсээ хол байх юм. Аав, охин хоёрыгоо Австралид авч очих зорилготой хичээн ажиллаж байсан. Эхний ээлжид аавыгаа авчирсан байгаа. Удахгүй охиноо авч явах зорилготой ажиллаж байна.

-Аав нь англи хэлийг их л мэрийлттэй сурч байгаа нь харагдсан?

-Бага байхад аав маань намайг “Миний охин хичээлээ л хийчих” гээд “бөмбөгнөдөг” байсан. Гэтэл тэр цаг нь яг эсрэгээрээ ирчихсэн байна. Би аавд “миний аав чадна, 50 хэдэн нас чинь залуу нас, дахиад 50 жил амьдарна, англи хэл сур” гээд гуйдаг болсон. Аавыгаа Монголд байхад нь ганцаарчилсан сургалтад суулгасан. Мөн англи хэлний сургалтын бичлэг явуулдаг байсан. Би өөрөө англи хэл заадаг хэдий ч аавынхаа учрыг олно гэдэг хэцүү шүү дээ. Аав маань хагас жилийн хугацаанд англи хэлийг ойр зуур явах, худалдаа хийх, ажил хийхдээ дүрэмгүй сайхан ашиглаж, ярьдаг болсон байна лээ (инээв).

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу