Хэнтийн аймаг энэ онд боловсролын салбартаа онцгой анхаарал хандуулж, сурагчдын сурч, хүмүүжих ая тухтай орчныг чамгүй сайн бүрдүүлжээ. Бид энэ удаагийн сурвалжилгаа Хэнтий аймгаас бэлтгэлээ.

БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ, ТЭМЦЭЭН УРАЛДААНД ОРОЛЦОХОД ТУХТАЙ СПОРТ ТАНХИМТАЙ БОЛЖЭЭ

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ онд “Асуудлаас шийдэлд” нэртэй уралдаан зарлаж, “Тэмүүжин” ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн хамт олон оролцсон байна. Тус сургуулийн багш, ажилчид зуны амралтын үеэр өөрсдийн боломжоор төсвөө бүрдүүлж, спорт танхимын жижиг хоёр өрөөг нэгтгэн, ханыг нь буулгаж, агааржуулалт тавьж, тааз, хана, шалнаас эхлээд бүгдийг иж бүрнээр нь хүүхдэд ээлтэй, өнгөлөг дулаан, тохитой байхаар тохижуулжээ.

Хүүхдүүд нэг зэрэг хувцсаа солих хана, хөшгөөр тусгаарласан тасалгаатай, тасалгаа болгон толь, зөөлөн сандал, хөшигтэй болсон байна. Үүнээс гадна хөл угаах, бие засах болон цэвэр усны өрөө, хувцасны 48 шүүгээ гээд биеийн тамирын хичээл, тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүдэд тухтай байх нөхцлийг бүрджээ.

Сургуулийн багш нар төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр, ийнхүү өөрсдийн санаачилгаар тулгамдсан асуудлаа шийдэж чадсан талаараа Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубынхэнд ярьж байлаа.

ХҮҮХДҮҮД АЙДАСГҮЙГЭЭР, ХУВЦСАА АМАР ТАЙВАН СОЛИХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЛЭЭ

“Тэмүүжин” ЕБС-ийн захирал М.ЗОЛЗАЯАБиеийн тамирын хичээл, секц дугуйлан гээд зөвхөн спорт танхимд өдөрт дунджаар 14 хичээл ордог. Нэг ээлжид 35 хүүхэд хичээллэдэг гэхээр 500-гаад хүүхэд өдөр бүр энэ өрөөнд хувцсаа сольж байна.

Сургуулийн хүүхдүүдийн нэн хэрэгтэй гэж тодорхойлсон хувцас солих өрөөний асуудлыг шийдэхэд сургуулийн эрэгтэй багш нар маш идэвхтэй оролцсон. Хүүхдүүд айдасгүйгээр амар тайван хувцсаа солих боломжийг бүрдүүллээ.

Сурагчид маань их баяртай байна. Бүх багш, ажилтан сэтгэлээрээ хамтран ажилласныг ч хэлмээр байна.  Ер нь ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамир, уралдаан тэмцээний үеэр хувцас солих тохитой орчин шаардлагатай байдаг. Тиймээс бидний туршлагаас санаа авч, дэлгэрүүлээрэй гэж хүсч байна. Зорилгоо амжилттай биелүүлсэн нийт багш ажилтнууддаа талархал илэрхийлье” гэв.

Хэнтий аймгийн “Тэмүүжин” ЕБС дээрх санаачилгаараа “Асуудлаа шийдэж чадсан шилдэг төрийн байгууллага” шагнал авсан байна.

Сургууль гэхээр ногоон хана, хоосон коридор, зөвхөн хичээлийн танхимуудтай байдаг гэсэн тогтсон ойлголтыг 2000 гаруй хүүхэдтэй тус сургууль халж чаджээ.

Сул зай, хонгилын талбайг ашиглан кофешоп, орчин үеийн амрах өрөө шиг тохижуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж, талархлыг хүлээсэн байна.  Мөн шинэ хичээлийн жилд сургуулийнхаа бие засах бүх өрөөнд бидэ суултуур суурилуулжээ.

Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн жишиг 30 сургуулийн нэг тус сургууль асуудлаа шийдвэрлэхдээ хамтаараа хэлэлцэн эрэмбэлж, бүгдээрээ оролцож өөрчилж, хийж бүтээдэг гээд бусад газрууд авч хэрэгжүүлмээр сайн туршлага олон байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД АНГЛИ, ОРОС ХЭЛНИЙ БАГШ
ДУТАГДАЛТАЙ БАЙНА

Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС 1924 онд Онон хошууны бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан, аймгийн анхны сургуулиудын нэг. Тус сургууль энэ жил 60 багш ажилтан, 715 сурагчтай хичээллэж байна. Шинээр мэргэжлийн гурван багш төгсөж ирээд, ажилдаа оржээ.

Биднийг тус суманд 9 дүгээр сард ажиллахад сургуулийн байруудын их засвар дуусаж сурагчдаа хүлээн авч байлаа. Хэнтий аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр нийт 900 сая төгрөгөөр хичээлийн А, Б байрандаа их засвар хийснийг Дадал сумын ЕБС-ийн захирал Д.Дамдинсүрэн танилцууллаа. Түүнтэй товч ярилцав.

Хөдөөгийн сургуулиудад багш нарын хүрэлцээ хангамж тааруу гэсэн мэдээ байсан. Танай сургуулийн хувьд ямар байна вэ? 

-Манай сум Хэнтий аймгаас 270, Улаанбаатараас 600 гаруй км-ын зайтай, алслагдсан сумын нэг. Энэ хичээлийн жилд газар зүй, эрүүл мэнд, нийгэм зэрэг хичээл дээр шинээр төгссөн багш нарыг авч ажиллуулж байна. Гэвч зарим хичээлийн багш дутмаг байна. Англи хэлний хоёр багштай байхаас ганц багштай, орос хэлний багш дутмаг байна.

Ганц манай сум гэлтгүй багш нарын нөөц улс даяараа дутуу байна. Гадаад хэлээр цөөхөн төгсөгчтэй, төгсөгчид нь хот хүрээтэй ойр суурьшдаг болов уу. Манай сумын тухайд ажилчдын байр сууцны асуудал бэрхшээлтэй. Бид багш нарынхаа орон сууцыг өөрсдийн боломжоор, янз бүрийн байдлаар шийдэж байна.

Алслагдсан сумын тухайд сурагчдад дотуур байрны эрэлт хэрэгцээ их. Байрны, хоол хүнсний хүрэлцээ ямар байна вэ? Улсаас өгдөг төсөв нэмэгдсэн үү? 

-Манай суманд 2020 онд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орсон. Жилдээ малчдын 140-160 хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч сурч байна. Дотуур байрын хоол хүнсний төсөв өөрчлөгдөөгүй. Сурагчийн нэг өдрийн хоолны төсөв 4000 төгрөг. Ахлах ангийн сурагчдынх 300 төгрөгөөр илүү.

Дадал суманд мах үнэтэй учраас бусад зардалдаа нөлөөлдөг тал бий. Гэвч бид дотуур байрны сурагчдын хоол хүнсийг аль болох хүртээмжтэй байлгахыг хичээдэг.

-Дадал сумын сургууль ТХБ-II төслийн жишиг 30 сургуулийн нэг. Тус төслийн дэмжлэг, сургуулийн хамт олны санаачлагаар сумынхаа байгаль, түүхийн цогцолбор газруудаа, түүхээ танилцуулдаг хөтөч хүүхдүүдийн клуб ажиллуулж хэвшсэн. Одоо ч энэ клуб идэвхтэй ажиллаж байгааг багш нар танилцууллаа. Энэ туршлагаасаа хуваалцахгүй юу? 

-Манай сум түүхэн аялал жуулчлалын нутаг гэдгээрээ онцлог. Үүний хүрээнд сургуулийн багш нар, хүүхдүүд түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөтөч, сургагч бэлтгэх, үүх түүхээ танин мэдэх клуб ажиллуулдаг.

ТХБ-II төслийн хүрээнд 2021 онд байгуулагдсан “Ирээдүйн хөтөч” клуб нийт 40 гаруй хүүхэд бэлтгэсэн. Анх бэлтгэгдсэн сурагчид төгсч, шинээр 15 сурагч элсүүлсэн.

Клубын сурагчид монгол хэл уран зохиолын багш Баярмаа, англи хэлний багш Золзаяа нартайгаа хамтран Чингис хааныхаа газар нутгийн онцлогыг англи, монголоор танилцуулах тайлбарлах чадвар эзэмшиж байна.

ИРЭЭДҮЙН ХӨТӨЧ”-ИЙН СУРАГЧИД НУТГИЙНХАА ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ, ҮҮХ ТҮҮХИЙГ АНГЛИАР ТАЙЛБАРЛАНА

Хэнтий аймгийн Дадал сумын англи хэлний багш М.Золзаяа: Бид байгальд ээлтэй хөтөч хүүхдүүд бэлтгэх зорилготой Ирээдүйн хөтөч” клубээ 2021 онд нээж, нийт 44 хүүхдийг хөтөч тайлбарлагчаар бэлтгэлээ. Энэ хичээлийн жилд хүүхдүүд маань англи хэл дээр үүх түүхээ танилцуулж, тайлбарладаг болох зорилго тавьж байна.

Клубт 5-9 дүгээр ангийн сурагчид хичээллэдэг. Тэд сум орон нутгийнхаа үүх түүхийг мэдэх, бусдад тайлбарлан таниулах чадвартай болохоос гадна өөрийгөө нээх, бусдад санаа бодлоо илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх чадвар сайн суудаг. Түүндээ урамшаад, найз нөхдөдөө заах гэх зэргээр сайн, зөв нөлөө их.

Клубын сурагчид мөн өөрсдийнхөө угсаа гарлын 4-9 үеэ нэрлэдэг. Бид Онон Балжийн байгалийн цогцолбор газар, Дэлхийн байгаль хамгаалах сангаас өгсөн тайлбар мэдээллийг үндэслэн түүхэн болон домог, газар зүйн талаас нь тайлбарладаг.

Аялал жуулчлалын цагаар хүүхдүүд дотоод гадаадын жуулчдад тайлбар танилцуулгаа хийдэг. Энэ аравдугаар сарын 1-нээс дугуйлан идэвхтэй ажиллаж, сурагчид хичээллэж эхэлнэ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу