Японы “Bandai Co” компани дэлхийн хамгийн жижиг рубик шоог өнгөрсөн Пүрэв гарагт олон нийтэд үзүүлжээ. Энэхүү шоо хурууны өндөгний цаана нууж болохуйц жижигхэн хэмжээтэй юм байна.

“Bandai Co” компанийн охин компани болох “MegaHouse Corp” металл боловсруулах дэвшилтэт технологийг ашиглан, стандарт хэмжээтэй шооны аравны нэгээс бага хэмжээтэй мини шоог бүтээсэн ба нэг талын урт нь ердөө 5 мм, квадрат тус бүр нь 1.6 мм орчим хэмжээтэй юм.

Нийт 0.3 грамм жинтэй “Дэлхийн хамгийн жижиг рубик шоо” нь 777 777 иен буюу 5300 ам.долларын үнэтэй. Пүрэв гаргаас эхлэн компанийн цахим дэлгүүрт хүсэлт илгээн, шоог захиалах боломжтой бөгөөд цаашид Азийн бусад оронд борлуулахаар төлөвлөжээ.

Нийт 39 хэсгээс бүрдэх энэ тоглоомыг ердийн рубик шоотой адил эвлүүлэх боломжтой аж. Үүнийг нарийн чимхлүүр боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн “Iriso Precision Co” компанид үйлдвэрлэж буй юм байна.

“MegaHouse” компани “Дэлхий даяар алдаршсан гурван хэмжээст шоог 1974 онд зохион бүтээсний 50 жилийн ойд зориулан бяцхан шоог бүтээхэд дөрвөн жил орчмын хугацаа зарцуулсан” гэж мэдээлжээ.

“MegaHouse”-ын ерөнхийлөгч Акихиро Сато хэвлэлийн бага хурал дээр “Бид дэвшилтэт бичил үйлдвэрлэлийн тусламжтайгаар япончуудын ур чадварыг шингээсэн бүтээгдэхүүнийг бүтээж чадсан” гэлээ.

Тоглоом үйлдвэрлэгчийн мини шоог энэ оны наймдугаар сарын 23-нд Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн жижиг шоо хэмээн бүртгэсэн байна.

2020 онд тус компани мөн 2 грамм жинтэй, тал тус бүр нь 9.9 мм хэмжээтэй рубик шоог гаргасан нь тухайн үеийн хамгийн жижиг хэмжээтэй шоонд тооцогдож байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу