Орфэй театрын хамт олон хятадын зохиолч Уй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн ижил нэр жүжгийг олон нийтэд толилуулж буй. Намар цагийн эхний драмын жүжиг болох “Амьдрахуй” нь хөшгөө нээсэн цагаасаа тасралтгүй долоон хоног үзэгчдийг “шуугиулаад” буй. Шуугих гэдэгт мэдээж сайн, муу бүгд багтах биз ээ.
М.Батболд найруулагчийн шийдлээс ургасан “Амьдрахуй бол нийгмийн хийгээд хүний дотоод мөн чанарын толь мэт бүтээл боллоо” гэж үзэгчид дүгнээд байна. Бодит мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн танхимтай Соёлын төв өргөө сүүлийн долоон хоногт “амьд” байж чадлаа. Эхний тоглолт болоод жижиг техникийн асуудлуудаас шалтгаалан санал, шүүмжээр ч мөн шуугиулаад амжсан юм. 
Тэс өөр найруулга, хэв маягийг бий болгож түүгээрээ хэвшмэл байдлыг өөрчилж чадсан хүмүүс бол яах аргагүй Орфэй театрын хамт олон болжээ. Өдгөө орой бүр 19:00 цагаас тоглогдож буй тус жүжгийн санал, сэтгэгдэл, мэдрэмжүүд цахим орчинд төдийгүй уушийн газрын ширээнээ хүртэл ам дамжин яригдсаар байна. Ингэхдээ муулж гоочлох нь гоочилж, сайшаан магтах нь магтах аж.
  “Амьдрахуй” бол “Хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсноор жүжиг болгон тавигдсан энэ цаг мөчид нийт үзэгчдийн бодол санаанд нэгэн дуслыг цалгиулан, сэтгэлийн орон зайд нь долгион үүсгэж чадсанд дахин талархал илэрхийлье.
Гол дүрийн жүжигчин Д.Ганцэцэг нэгэн ярилцлагадаа, “Та амьдарч байгаа бол, илүү сайхан амьдармаар байгаа бол, та амьдралдаа хайртай бол энэ жүжгийг заавал үзээсэй гэж хүсмээр байна. Жүжгийн төгсгөлд та хайртай хүнийхээ гараас ч атгахгүйгээр хайртай гэдгээ мэдрэх байх. Нэг тийм хайр дүүрэн орчин үүсэх болов уу” хэмээн дурдсан. 
Үнэхээр л өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөөний танхим үзэгчдийн хайр, ухаарлаар дүүрэн байлаа.

Э.ЛХАГВА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу