-Ардчилсан Монголын төлөө Ардчилсан нам шинэ даргаа сонгоно-

Ардчилсан намын хагарал маргааш эцэслэгдэх үгүйг шийдэх энэ цаг үедээ түүхэн шийдвэр гаргах өдөр нь маргааш юм. Цагтаа Монголын ардчиллыг эхлүүлж, монголд ардчиллын үрийг суулгаж явсан гавьяа өнөөдөр мартагдахдаа тулж, бодлогогүй, амин хувиа хичээсэн хэдэн хүний балгаар энэ нам байх эсэх нь эргэлзээтэй болов. Өнөөдрийг хагарлын эхийг АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд эхлүүлсэн байдаг. Тэрбээр эрх барьж байсан намын дарга, парламентын спикерээр ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Ардчилсан нам ялагдах, ангал хавцалд унах анхны алхамыг хийсэн. Ялагдсан Ардчилсан намын зовлон үүгээр эхэлж, удирдлагын багаа хэд хэдэн толгойтой болгож лидерүүдээ намнаснаар албан ёсоор талцсан. Намын бүх гишүүдийн сунгаанаас намын даргаа сонгоход Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа сүлжээгээ бий болгосон гэж яригддаг С.Эрдэнэ сунгаанаас ялалт байгуулж албан ёсны дарга болсон ч намын хагарал түүн дээр улам гүнзгийрсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгатай түнжин хагарч Төрийн тэргүүн түүн дээр эрүүгийн хэрэг үүсгүүлж, Ц.Элбэгдоржийг шалгуулахаар “Женко” 100 гаруй хуудас материал прокурорт өөрийн биеэр хүргүүлж, намын лидер С.Баярцогт, Да.Ганболд тэргүүтэй намын гишүүдээ сонгуулиар торны цаана суулгаж, чадлаараа эрх баригчдад үйлчилсэн байдаг.

2020 оны сонгуульд намаа ялагдуулсан С.Эрдэнэ хариуцлагаа хүлээнэ гэж ам гарсан боловч Ц.Туваанаас тамгаа булаан авч, Х.Баттулгын намын даргын сонгуулийн сунгааг үл зөвшөөрч, М.Тулгатыг намын даргаар бүртгүүлэх гэсэн ч С.Эрдэнэ материалыг нь буцааж татан нохойтсон. Шинээр намын тамга хийлгэж ёстой тамганы бантанг хутгаж байсан нэгэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн ч намын гишүүдийнхээ саналыг ч авч чадаагүй гэхчилэн бүтэлгүй драма үргэлжилсэн. Х.Баттулга, С.Эрдэнэ нарын тамганы төлөөх тэмцэл үргэлжилж байснаас хэн нэгнээс нь намаа эвлэрүүлэх санаачилга огт гарч байсангүй. Тамганы эрх мэдлээ хэнтэй ч хуваалцахгүй гэсэн явуургүй бодол нь яг таг Ардчилсан намыг гацаанд оруулсан.

Өнөөдөр Ардчилсан намын дотоод зодоон гэхээс илүүтэй Монголын ардчилалд Ардчилсан намын үзэл баримтлал, байр суурь, сөрөг хүчний бодлого үгүйлэгдэж байна. Энэ хоёрын хэн нь ч үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Монгол төрийн тулах баганын нэг болсон Ардчилсан нам иймэрхүү байдалтайгаар цаашид улс төрд оролцвол энэ намын хэрэг ч үнэндээ алга.

Үүнийг ойлгосон тус намын ҮБХ-ны 400 гаруй гишүүнээс 300 гаруй нь эвлэлдэн нэгдэж намаа нэгтгэх үйлсэд оройлон оролцов. Санаачилгыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан нь үнэндээ өөх ч биш, булчирхай ч биш, Эрдэнэ ч биш, Баттулга ч биш ийм байдлаас залхсандаа энэ алхмыг хийхэд хүрэв. Эв нэгдлээ хангах санаачилгыг С.Баярцогт гаргаж, 2020 оны сонгуулиас хойш албан ёсоор эвлэлдэж чадахгүй байсан бүлгээ албан ёсоор “ажилд” оруулсан. Намын доод шатандаа итгэл алдарч явсан гишүүд алга ташин угтан авлаа. 

Гэвч дайсан бол хэвлэлээр бие биен рүүгээ үгийг муухайг чулуудаж явсан С.Эрдэнэ, Х.Баттулга нар өнөөдөр нэг хөнжилд багтсан байгаа нь мөнхийн нөхөрлөл үгүй. Мөнхийн эрх ашиг байдаг гэдгийг харуулав. Эрх ашиг дээрээ Шонхор фракцын тэргүүн С.Эрдэнэ, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга нар гар барилцав. Тэдэнд 200 мянган намын гишүүд, амьдрал нь өдрөөс өдөрт доройтож яваа 3 сая монголчуудын эрх ашиг огтоос хамаагүй аж. Энэ намын гишүүд сэтгэлийн дуудлагаар нэгдэж байгаагаас хэн нэгний тулган шаардлагаар нэгдэх талаар ярьсангүй.

Сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдсэн ийм цаг үед хэн Ардчилсан намыг тэргүүлэх вэ гэдэг нь тун сонин. Одоогоор С.Баярцогт, Л.Гантөмөр, Л.Гүндалай, З.Нарантуяа, С.Одонтуяа, М.Чимэддорж нар нэрээ дэвшүүлэх нь тодорхой болоод байгаа юм. С.Баярцогтын тухайд “Би парламентад таван удаа сонгогдож, дөрвөн Ерөнхий сайдтай таван Засгийн газарт ажилласан. Тэгэхээр хэн нэгний захиалгаар, хэн нэгний хүсэлтээр ажилладаг жижигхэн улстөрч биш. Намынхаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх хүсэлтэй улстөрч” маш товч бөгөөд тодорхой хариулт өгсөн. Женкогийн захиалгаар хэлмэгдэж хоригдохдоо хүртэл “Би хэлмэгдчихлээ” гэж өрөвдүүлсэнгүй. Намайг авраач гэж хэн нэгнээс тусламж хүссэнгүй. Х.Баттулгын мөнхийн айдас болох С.Баярцогт намын дарга болчихвол өөрөөс нь өс авахаас тэр үнэндээ айж байгаа. Гэвч тэр тийм сул дорой улстөрч биш. Хэн нэгнээс өс авч санаагаа амраадаг самбо бөхийн тамирчин биш. Асуудал босонгуут бөхчүүд дуудан хамгаалалт авдаг шалихгүй хүн бүр биш. Хүнд үед намын эв нэгдлийг хангуулахаар зориг шулуудсан нь харин үнэн.

Тэгвэл нам ялсан үед бялуу хуваахад л гарч ирдэг Л.Гантөмөр сайдтан хоёр дахь удаагаа намын сунгаанд нэр дэвшин орж ирж байна. Парламентын гишүүн байхдаа, сайд байхдаа манлайлал, үлгэр дуурайл, эр зоригоо харуулж чадаагүй тэр экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүслийг биелүүлэхээр энэ удаа орж ирж байгаа гэх. Нэр нь л Гантөмөр болохоос намдаа тэр ган төмөр байж чадаагүй. Нам дамжсан Увс бүлэглэлийнхэн үүн дээр нэгдэж, Х.Баттулга түүнийг нь дэмжсэн гэх яриа улс төрийн хүрээнд өрнөсөн. Энэ удаагийн намын даргын сунгаа ямар ач холбогдолтой болохыг Х.Баттулга улаан ноолууран ороолттой ҮХЦ-ийн гадна албан шаардлага уншаад зогсож байгаагаас нь харж болно. Өмнө нь хэзээ ч тэгж намба тал алдаж яваагүй тэрбээр С.Баярцогтыг намын дарга болчих вий гэхдээ улаан нүүрээрээ ингэж гарч ирсэн юм. Бүх бооцоогоо Л.Гантөмөрт тавьсан нь тодорхой байгаа юм. Монгол ялна уриатайгаар чинхүү монгол ялагдсан дөрвөн жилийн дараа улс төрд тэр Ардчилсан намын ялагдлыг үргэлжлүүлэх бодлоготой байхыг үгүйсгэхгүй. С.Эрдэнийн 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдуулсан талаар хэлж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан” талаар мэдэгдсэн. Энэ мэтчилэн процессуудаа Ардчилсан намынхан бодож байгаа биз.

Үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа экс намын дарга Ц.Элбэгдорж “Эрдэнэ, Баттулга аа, гурвуулаа хол байя, жолоогоо татъя. АН-ын ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энэд илүүц. Гишүүддээ итгэе, боломж олгоё, тэд чадна. Ардчилалтай хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй” хэмээн хэлж байна. Ардчилсан Монголын төлөө тэд маргааш Ардчилсан намын шинэ даргаа сонгоно.

Э.ЭНХБОЛД