“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 4-нөөс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож эхэлсэн.
13 жилийн өмнө театрын тайзнаа тоглогдож байсан эл жүжгийн нийгэмд үзүүлсэн нөлөөлөл, үзэл санааны дархлаа нь үнэлж барамгүй их гэж хэлж болно. Учир нь “газар шороо”, “эх орон” гэх утгын цаад зүрх сэтгэлийн холбоосыг толилуулан үзүүлээд зогсохгүй монголчуудын өв соёл, тэнгэр шүтлэгийн бүхий л уг гарвалийг харуулдаг билээ.
Энэ удаад чадварлаг залуусаар дахин баг бүрдүүлж, шинэ найруулга, шинэ шийдлээр дахин амилсан юм. Драмын театрын тайзнаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон алтан үеийн жүжигчдээс эхлээд шинэ залуусаа ч эгнээндээ нэгтгэсэн нь анхаарал татаж байлаа. Иймээс нэгэн үдшийг зориулан “Тэнгэрийн хүү” жүжгийг үзсэн сэтгэгдлээ сийрүүлсэнийг хүлээн авна уу.
   
18 цаг 30 минут. Олны хөл хөдөлгөөнд сүлэлдэн явсаар УДЭТ-ын сүрлэг барилгын өмнө ирлээ. 64 жилийн дараа анх удаа иж бүрэн их засвар хийгдсэн эл барилга Монголын театрын урлагийн их өв, санг тээн оршсоор ирсэнд талархаж байна.
Үүдээр орвол үндэсний хөгжмийн цөөхүүл угтан авлаа. Үндэсний хөгжмийн эгшигт, улаан хивсээр хүндэтгэлтэй гэгч нь алхаж орох нь нэн бахархууштай. Зорин ирэх үзэгчдийн хувцаслалт болоод, үүдээр инээмсэглэн үл мэдэг бөхийн орох нь театрын соёл бидний дунд нэлээд дэлгэрснийг харуулна.
Суудалд тухлахтай зэрэгцэн энэ удаагийн тоглолт яг цагтаа эхэллээ. Танхимын гэрэл унтарч түнэр харанхуй нөмрөхөд утаа суунагласан тайзны голд морин хуур эгшиглэн, эгэл баатрын хоолойгоор түүх өгүүлснээр жүжиг эхэллээ.
Тайз, дэлгэц хослуулан шийдсэн нь тун сонирхолтой. Мөн найруулга үнэхээр гайхал төрүүлэм шинэчлэгджээ. “Түүхэн жүжиг гэхээр л сунжирсан, дуулалдсан байх болов уу” гэдэг хүмүүсийн амыг харин ч нэг таглахаар бүтээл. Шинэлэг шийдэмгий бүжгийн хөдөлгөөн, ая хөгжмийн найруулга зэрэг нь шинэ түвшинд хэдийнээ хүрсэн гэдгийг бэлхэн харуулна.
Драмын жүжиг нь улс орны онцлог шинжийг харуулж, ард түмний сэтгэлгээ, үнэт зүйлсийг тусгасан байдаг. Тэгвэл хөшиг нээгдсэн  мөчөөс эхлэн, монгол язгуурын их өв соёл, ур ухаан, цөс зориг шувт мэдрэгдэнэ. Суудлаасаа өндийн үзсэн хүн нь ч олон болов уу. 
 Үндэсний хөгжмийн ая дан, түүний бүжигтэй холбогдох торгон хэмнэлүүд нь цөм бидний уугуул биеийн хэлэмж, хөдөлгөөн гэж мэдэрч болно. Үнэхээр л эл жүжгээс Монгол орны онцлог шинж, сэтгэлгээ, үнэт зүйлс нэвт харагдаж байлаа.
Залуу жүжигчин Б.Шинэбаяр, Модун шаньюйгийн дүрд тогложээ. Найруулагчийн сонголт гайхалтай. Найр цэнгэлд умбан, эх орныхоо дархан байдлыг огоорсон бусдыгаа харан халаглах эх оронч төрх, үзэсгэлэнт Шагэ гүнжийн зүрх сэтгэлийг хүсэмжлэх тэмүүлэл, харь орны барьцаанд тарчлан байхдаа тэнгэрт сүсэглэн эх орноо тэмүүлэх эрмэг байдал, эцгийнхээ мунхгаас хагацан байхдаа өлмийд нь сөхрөн гашуудах гээд бүхий л характерт гайхалтай хувирч чаджээ.
Хэрцгий догшин хэмээн алдар цуу нь түгсэн их шаньюй Модуны дотоод сэтгэлдээ тээж буй их зовлон шаналал, мөн оволзон байх их цөс, зоригийг нэгэн тайзнаа үзүүлсэн нь гайхалтай.

“Газар бол улсын үндэс. Газраас ургаагүй ямар ч ургамал амьтан, хүмүн төрөлхтөн, төр улс гэж үгүй билээ. Ямхын төдий ариун газар шороо, ясаан өлгийдөх халуун элгэн газар нутгаа ял гавьяа хоёроо тэгшлэн байж, ямбалуун орчлонгийн өр цээж болгон мөнхөд өргөмжилсү, би!”

Ийн өгүүлээд нулимстай нүдээ арчилгүй өндийх монгол хүний хэлэмжийг үзэн суусан үзэгчид өөрийн эрхгүй огшин өмөлзөж байлаа. Ер нь залуу жүжигчдийн ажиллагаа  тун сайн болжээ. Арваадай хунтайж, Шагэ гүнж, Бүни гүнж, Шива хатан гэх мэт олон дүрүүдийн эрмэг, цог золбоолог, чадварлаг байгаа нь шимтэн үзүүштэй. Цаашлаад жүжгийн дүрүүдийг тус бүрд нь  сайн гаргаж ажилласан юм болов уу гэж үзэгч би бээр бодно. Зохиолчийн бичсэн жүжгийн дүрүүдээс хэн нь, хэн юм бэ гэдгийг та түвэггүй мэдэж, мэдрэх болов уу.
Цохон яривал удах тул цөөн хэдээс дурдъя. Их Хүн гүрний Могол хатны дүрд МУГЖ Ж.Оюундарь, Шива хатны дүрд залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ нар тогложээ.
Эдгээр дүрийг сонгон тэмдэглэх болсон шалтгаан нь тэдний нинж сэтгэлийг илэрхийлэх байдал нь үзэгчдэд илүү хүрсэн болов уу. Аймшиггүй дайчин, Тэнгэрийн хүү Модун хүртэл эхийнхээ өлмийд сөгдөж өршөөл эрэн нулимс асгаруулдаг. Тэгээд эрсэлдэж, тэрсэлдэн байх эмх замбараагүй төрийн өргөөнд Могол хатныг дуугарахад бүгд сөгдөн мэхийдэг. Үүнээс харахад бүсгүй хүний, Монгол эх хүний уул чанарыг харуулж чадсан гэж бодож байна. Харин Шива хатан Дунху улсын хүсэлтийн биелэл болж харьд илгээгдэн одохдоо “Модун, хүүхэд шиг битгий бай” гэж хэлээд үрээ үнэрлэн газар шорооныхоо оронд явж оддог.
Тэр үеийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэмжийг үзэн суусан хэн бүхэн санаа алдан, сэм нулимсаа арчиж байсан юм. Энэ мэтчилэнгээс харахад монгол үндэстний язгуур угсаа, тэнгэр шүтлэг, өв соёл, эх оронч үзлийн хамгийн том нэрийн хуудас бол Тэнгэрийн хүү жүжиг болжээ.
 Монголчууд, тэр тусмаа залуучууд энэ жүжгээс эх оронч үзэл, газар шорооныхоо үнэ цэнийг мэдэрч, омогшин бахархах сэтгэл төрөх биз ээ.  Гадаад дотоодын жуулчдын хамгийн эхэнд үзэх үзвэр нь “Тэнгэрийн хүү” байх ёстой болов уу.
Морин хуураа дээдлэн тахиж, газар шороогоо “Бурхан гуйсан ч бүү өг” хэмээн тэмцэж ирсэн олон үеийн түүх, үнэ цэнийг мэдэрсэн гайхалтай үзвэр дахин мэндэлсэнд талархаж байна. Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатараар ахлуулсан УДЭТ-ын хамт олон Монгол гэх үндэстний гайхамшигт чанарыг үзүүлж чаджээ. Монгол орны минь соёл, зан заншил, ондоошил бүхэн дэлхий дахины гайхширлыг төрүүлэх олон гайхалтай бүтээл болно оо гэж итгэж явдаг билээ.
Э.ЦОГТ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу