УИХ-ын гишүүн Н.Учрал МАН-аас Сүхбаатар дүүргийн ИТХ-д нэр дэвшигчидтэй хамт тус дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ “Хүүхэд хөгшид зорчиход хүндрэлтэй харанхуй, хог шороондоо дарагдсан гудамж, явган зам, автозамаас эхлээд нийгмийн суурь дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй хороод Сүхбаатар дүүрэгт их байна.
Нийслэл хотын төв цэг болсон дүүрэг хөгжил цэцэглэлтээрээ Сонгинохайрхан дүүргээс алд дэлэм зөрүүтэй байгаа нь өнгөрсөн 12 жил тус дүүрэг хорооны даргаасаа эхлээд шат шатандаа хэрхэн сэтгэлгүй ажиллаж байгааг харуулна.
Сайн юм болохоор бүгд ирж тууз хайчилдаг. Муу юм болохоор эзэн нь олддоггүй.
Тийм учраас хэн хүнээс илүү хороо, дүүргээ мэддэг, эрдэм мэдлэгтэй, сэтгэл зүтгэлтэй манай багийг дэмжиж өгөхийг Сүхбаатарчуудаасаа чин сэтгэлээсээ хүсье.
Тэд таны гүүр болж, таны ажиллаж, амьдарч буй орчныг сайжруулахаас эхлээд дүүрэгт тулгамдсан хэрэгцээ шаардлагатай орон сууц, сургууль цэцэрлэг зэрэг дэд бүтцийн ажлыг илүү хурдаар, өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэж чадна.
Хурсан асуудлыг хурдан шийдэж, дүүрэн итгэлээр дүүргээ өөрчилье” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ. 
Тэгвэл үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Х.Болормаатай уулзаж тус дүүргийн төсвийн зарцуулалтын талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 
Сүхбаатар дүүрэг сүүлийн зургаан жилийн хугацаанд нийслэлийн төсөвт 660 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж ажиллажээ. 2024 оныг оруулаад тооцвол 1 их наяд гаруй төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллана гэсэн үг юм.

Сүхбаатар дүүргийн 2024 оны төсвийн нийт 564 тэрбум төгрөг байна. Үүнийхээ 71.3 хувь буюу 402.2 тэрбумыг нийслэлд төврүүлдэг аж.

Үлдсэн 14.3 хувь буюу 82.3 тэрбум нь дүүргийн урсгал зардал, 13.8 хувь буюу 78.1 тэрбум хөрөнгө оруулалтад, 0.2 хувь нь буюу 1.2 тэрбум төгрөгөөр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус тус иргэдийн ая тухтай амьдрахад зориулсан тохижилт, бүтээн байгуулалтыг хийж байгаа аж. Эхний 9 сарын байдлаар 263.3 тэрбумыг нийслэлийн төсөвт төвлөрүүлээд байна. 

Нийслэлийн 6 дүүргийн 2024 онд нийслэлд төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 1.2 их наяд төгрөг байхаар баталсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн хувьд нийслэлд төвлөрүүлэх орлогын хэмжээ нь бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн өндөр буюу нийт төвлөрүүлэх орлогын 31.8 хувийг эзэлдэг аж. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Х.Болормаа:
-Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид дүүргийн төсвийн талаар худал мэдээлэл өгч байгаад харамсаж байна. 2024 оны хамгийн сүүлийн төсөв 564 тэрбум төгрөг байгаа. Жил болгон төсөв хэлбэлзэлтэй байдаг. 

Энэхүү 564 тэрбум төгрөгийг Сүхбаатар дүүрэг дангаараа зарцуулдаг мэтээр гадуур ташаа мэдээлэл явж байна. Энэ бол худлаа. 

Би 2016 оны 11 дүгээр сараас хойш дүүргийн Засаг даргаар томилогдож ажилласан. Энэ хугацаанд нийт баталсан төсвийнхөө 70-72 хувийг нийслэлд төвлөрүүлдэг. Үлдсэн 30 хүрэхгүй хувийн  14 хувь нь урсгал зардалд явдаг. 

Энэ урсгал зардал нь манай Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсөвт байж байгаа бүх байгууллагуудын цалин хөлс, төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн бүх дулаан, цахилгаан, урсгал зардлуудыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас төлдөг. Мөн жижиг урсгал зардлуудаа гаргадаг. Үлдсэн 13 орчим хувиар нь дүүргүүдийн 20 хороонд иргэдийн өгсөн саналын дагуу сургууль, цэцэрлэгт ширээ, сандал юу хэрэгтэй байна түүнд нь зарцуулдаг. 

2019-2021 оны ар тахлын үед бүх байгууллагын үйл ажиллагаа зогссон учир татвар үнэхээр хэлбэлзэлтэй явагдаж байсан. Тухайн үед бүх төсөв бүрдүүлэлт бага байсан. 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороон дээр баригдаж байгаа 320 хүүхдийн суудалтай сургуулийн тухай УИХ-ын гишүүн Н.Учрал яриад явж байна. Би бодитоор нь хэлье. Өнөөдөр улсын төсвөөр баригдаж байгаа гурван цэцэрлэг, хоёр сургууль 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Тэгэхээр юм бодитой байх хэрэгтэй. 
Энэ сонгуулийг, улс төрд нэр дэвшиж байгаа залуусыг буруу мэдээллээр хангаж байгаа хүмүүс яаж дараа нь төр барих юм бэ. Ийм увайгүйгээр улс төр хийж болохгүй гэдгийг би албан ёсоор хэлмээр байна. 
Улсын төсвөөр дүүрэгт хийгдэж байгаа ажлуудын нэг нь 248 дугаар цэцэрлэг байна. Гэр хорооллын айлууд төрийн үйлчилгээнээс маш их хоцрогддог. Тиймээс энэхүү цэцэрлэг маань байх ёстой даац хэмжээнээсээ хэтэрсэн учраас хажуу талд нь мөн дүүргийн орон нутгийн төсвөөр 248 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг бариад одоо дуусаж байна. Сүхбаатар дүүргээс хийж хэрэгжүүлсэн олон төсөл, арга хэмжээнүүд байдаг. 
Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тухайн төсвийн жилдээ багтааж хийдэг зуршилтайгаар найман жил явж ирсэн. Үүнийг би нүүр бардам хэлж чадна. 
Миний үгүйсгээд бухимдал төрүүлээд байгаа ганцхан асуудал бол улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн төсөв ч бай үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалтыг больё гэсэн асуудлыг тавьж байгаа. Хойшдоо ч гэсэн гишүүний хувьд, Сүхбаатар дүүргийн иргэд намайг сонгосны хувьд  улс, нийслэл болон бусад төсвүүд дээр энэ асуудлаа яриад явна. Энэ төсөв татвар төлөгч ард түмний мөнгө. Үүнийг зөв хуваарилж чадах юм бол өнөөдөр Монгол Улс хөгжих боломж байна. 

2025 онд Сүхбаатар дүүрэгт Азийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулагдах 70 хувийн ногоон байгууламжтай спорт цогцолбор ашиглалтад орно

Сүхбаатар дүүрэгт Спортын томоохон заал байхгүй. Улсын төсөвт 11 тэрбумыг хөрөнгө оруулалт тавигдаад өнөөдрийг хүртэл энэ хөрөнгө оруулалт сураггүй болсон. Бүх насны ангиллаар хүмүүс маань спортын заалтай баймаар байна. Урлагийн тэмцээн, спартакиад, иргэдийн спортын наадам зохион байгуулахад ямар ч боломж байхгүй байна. Тийм учраас энэ бүгдийг дүүргийн хамт олон, төлөөлөгч нар та бүхэн үзээч ээ гэсэн.

Ингээд бид 2024 оны 5 дугаар сараас эхлээд газар чөлөөлөлтөө хийгээд нийтдээ 3 га газрын талбайг чөлөөлөөд Азийн томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулагдах 70 хувийн ногоон байгууламжтай спорт цогцолборыг дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж эхлээд явж байна. 2025 оны 6 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар явж байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр улсын төсөв, нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа ажил гацаад байна. 

Төсвийг маш бага хэмжээгээр хувааж тавьдаг учир улс, нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа ажил гацдаг

Улсын төсвөөр хийгдсэн ажил гацдаг. Өнөөдөр 564 тэрбумыг зардаг бол би өмнө нь ярилцлага өгөхдөө ч тоглоом шоглоомоор хэлж байсан. Сүхбаатар дүүргийн вант улсыг байгуулах хэмжээний боломж харагдаж байгаа юм. Яагаад гэхээр би Сүхбаатар дүүргийн Засаг даргаар найман жил ажилласны хувьд үнэхээр би энэ бүгдийг олж харсан. Тэгэхээр 70-72 хувь нь нийслэл Улаанбаатар хот руу явдаг учраас бид үлдсэн төсвөөрөө 20 хорооныхоо бүхий л боломжит хөрөнгө оруулалтыг хувааж тавьдаг.

Бид Монголын Улсын хэмжээний томоохон төслийн гадаа ирчихсэн зогсож байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эмнэлэг хувьчлагдаад 18-19 жил болж байна. Үүнийг иргэд мэддэггүй байсан. Одоо хүртэл мэддэггүй олон иргэн байна. Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хамгийн их тулгамддаг асуудал Сүхбаатар дүүрэгт алдагдсан. Үүнийг манай Иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын хамт олон олж харан өнөөдөр дүүрэгтээ 142 мянган иргэний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж Монгол Улсын түүхэнд анх удаа орон нутгийн төсвөөр буюу 13 хувь хүрэхгүй төсвөөрөө Сүхбаатар дүүргийн “Сэлбэ нэгдсэн эмнэлэг”-ийг барьсан. 
Энэ эмнэлэг маань нийтдээ 2.2 га талбай, барилга байгууламж нь 12500 м.кв бүхий таван давхар зоорины давхартайгаа нийлээд зургаан давхар юм. Эмнэлгийн стандарт гэж юу байдаг тэр бүх боломжит нөхцөлөөр нь шийдэж өгсөн. 
Дөрвөн хагалгааны вакум өрөөтэй, амбулаторитой, иж бүрэн лабораторийн хэсэгтэй, А, Б блокоос бүрдсэн 200 ортой. Үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор байхаас дөрөв нь хүүхдийн эрчимт эмчилгээний, насанд хүрэгчдийн 160 орноос зургаан ор нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 ор нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний байхаар төлөвлөгджээ.
Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 184 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмж, компьютер техник, хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг дүүргийн төсвөөр авч бэлэн байдлыг хангасан ажээ. 

Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн долоон үндсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. 

Мөн түүний хувьд “Хамгийн гол зүйл нь төсвийг маш бага хэмжээгээр хувааж тавьдаг. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагууд маань тендерт орж чаддаггүй. Орсон ч тухайн онд тавьсан тэр хөрөнгө оруулалтад нь тааруулаад энэ ажлууд царцаж, дараагийн мөнгийг хүлээгээд сургууль, цэцэрлэг болон бусад хөрөнгө оруулалтын ажлууд гацдаг. Үүнийг би олон жишээнүүдээс харсан. 
Гэтэл өнөөдөр орон нутаг яг мөнгийг нь базаж тавиад зураг төслүүд нь гарчихсан хөгжлийн төвөөр батлагдчихсан, Нийслэлийн төлөвлөлтийн хэлтэстэйгээ бүх зөвшөөрлөө аваад явахад өнөөдөр манай ААН, байгууллагууд юм хийж чадахгүй биш маш их чадвартай болсон. ААН, байгууллагууд маань хавар эхэлсэн сургууль, цэцэрлэг болон бусад барилгыг маш богино хугацаанд буюу намарт нь Улсын комисст хүлээлгээд өгөх боломжтойгоор ажиллаж байна. Тиймээс бид төсвийн зөв хуваарилалтыг хийх нь хамгийн чухал. Бидэнд боломж байна” хэмээн тодотгосон юм. 

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу