Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр (2023.04.11) мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудал цөөнгүй гардаг. Тухайлбал, нийт СӨХ-ны дөнгөж 307 нь орчны газраа ашиглах тухай гэрээ байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон СӨХ орчноо иргэддээ зориулан тохижуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах дээр учир дутагдалтай ажилладаг. Мөн барилгын компаниуд орон сууц барьж ашиглалтад оруулчихаад СӨХ-гоо иргэдэд шилжүүлдэггүй тохиолдол цөөнгүй. Нөгөө талаас оршин суугчид СӨХ-ны төлбөрөө олон сараар төлдөггүй зэрэг асуудал ч бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Мөн “Нийслэлийн зүгээс СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлд зохицуулалт хийх үүрэгтэй. Эдгээр нөхцөл байдалд үндэслэн чиг үүргийн хүрээнд 2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ. Хуулийн төсөлд иргэд, СӨХ болон бусад талын саналыг хүлээн авч тусгах нь маш чухал. Тиймээс бид www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал хүлээн авах ажлыг зохион байгуулна. Иргэд, СӨХ болон холбогдох талууд хуулийн төсөлд саналаа идэвхтэй ирүүлэхийг уриалж байгаа” гэдгийг онцоллоо. 

Уг хуулийг шинэчилснээр:

  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах,
  • Хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах,
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах,
  • Оршин суугч, иргэд, СӨХ-ны харилцан уялдааг хангах,
  • СӨХ-дын эрх зүйн байдлыг тодорхой, ойлгомжтой болгох, тэдгээрт хуулийн этгээдийн эрх олгож, хууль, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн харилцаанд оршин суугчдынхаа эрх ашгийн хамгаалан оролцох боломжийг бүрдүүлэх,
  • Нийслэл, дүүргийн удирдлагаас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу