Засгийн газар “5Ш ажиллагаа”-г эхлүүлж, “Шувуу” ажиллагааны хүрээнд хилийн чанадаас Т.Бадамжунайг монголд чирээд ирчихсэн. Таван толгой төмөр зам захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг удахгүй Аргентинаас “шувуу”-дахаар болсон. “Шувуу” ажиллагааны араас нь “Шилэн” ажиллагаа идэвхжиж Богд ууланд газар эзэмшдэг иргэд, аж ахуйн нэгжийн нэрсийг зарлав. Өчигдөрхөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргэн төлөгдөөгүй хүмүүсийн нэрс цахимд байршлаа. Энэ мэтчилэн 23 сангийн мэдээллийг нээлттэй болгохоор Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдсэн. Ямартай ч “Шувуу”, “Шилэн” ажиллагаа үүргээ гүйцэтгэж авлига албан тушаалын гэмт хэрэгтэн, эрх мэдлээ урвуулан ашигласан хүмүүс үнэнд гүйцэгдэж эхэллээ.

Одоо “Шүүр” ажиллагааг эрчимжүүлж төрийн өмчит компанид хувалз мэт шигдсэн дарга нараас салах хэрэгтэй. Жирийн төрийн албан хаагчид биш төрд шигсэн дарга нарыг шүүрдэх ёстой хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сануулаад байгаа. Тэгвэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгагдаж байгаа “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг шүүрдэх болоогүй юу. Өнгөрөгч оны есдүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй хэлтсийн ажилтнууд Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө авч байх үед нь барьж, саатуулсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тэр хуучин ажлаа хийж байгаа гэх мэдээлэл байна. Түүний хувьд бусдаас мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Өөрийнх нь хариуцаж буй компанийн тендерт орсон компаниас зээл авна гэж байх уу. Энэ хангалттай үндэслэл биш юм бол шударга ёс тогтох хаа ч байсан юм Монгол Улсад. Нүүрс, Хөгжлийн банкны хулгайг хулгайд тооцож, 100 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Л.Эрхбаатар захирал эрхээрээ хатаад байгаа юм биш үү. Хууль хүн бүрд ижил тэгш үйлчилж, хохирлын хэмжээ их, бага харгалзахгүй тохирсон шийтгэлээ хүртэх ёстой. Л.Эрхбаатарыг эрхлүүлж байгаа арын эзэн нь хэн бэ. “Шүүр” ажиллагаа хаанаас эхлэх вэ, Ерөнхий сайдаа.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу