Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш (2024.10.11) болно. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2024.10.10/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт  07:00-20:00 цагийн хороонд болно.  Улсын хэмжээнд нийтдээ 2230 хэсгийн хороо, 25,600 төрийн албан хаагч ажиллаж байна.

Үүнээс мэдээлэл технологийн 166 багт 2683 багийн гишүүн ажиллаж, автоматжуулсан системийг шийдэрлэж, санал хураахад бэлэн болголоо. Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн 2037 ажилтан ажиллахаар байраа эзэлсэн, санал хураалт зохион багуулахад бэлэн байна.

Сонгууль зохион байгуулахад аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулахаар цагдаа, онцгой байдлын алба хаагчид бэлэн байдлаа хангасан. Цагдаагийн байгууллагаас өчигдөр нийтдээ 10,600 албан хаагч, 500 гаруй тээврийн хэрэгсэл бэлэн болсон гэдэг мэдээллийг өгсөн.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 10 нам, нэг эвсэл 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Үүнээс 268 нь бие даагч юм. 17,278 нэр дэвшигчээс 5582 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшигчдийн 32.3 хувийг эзэлж байна. Нийт нэр дэвшигчдээс 11,696 нь эрэгтэй байгаа нь 67.7 хувийг эзэллээ.

Мөн нэр дэвшигчдийг дагаж, 104,500 менежер, шадар туслахууд ажиллалаа.

Санал хураах ажиллагааг ажиглахаар 10 нам, нэг эвсэл, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 17,800 хүн бэлэн болж, ажиглагчаар бүртгүүлэн үнэмлэхээ авсан.

Өнөөдөр 09.00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Улсын хэмжээнд нийтдээ  18,033 иргэн саналаа өгөхөөр хүсэлт ирүүлсэн, 7500 чиглэлд явж, санал хураалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 сая 246 мянган 164 хүн хүн саналаа өгөхөөр байна. Үүнээс 1 сая 146 мянга нь орон нутагт, 1 сая 100 мянга нь Улаанбаатар хотод саналаа өгнө.

Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан.  Техник хангамжийн хувьд санал тоолох төхөөрөмжийг 1500-гаас дээш сонгогчтой хэсгийн хороодод хосоор нь буюу хоёр төхөөрөмж байршуулж байна.  Нийтдээ 2824 төхөөрөмжийг хуваарилж, санал хураахад бэлэн болгосон.

Улсын хэмжээнд байгуулсан хэсгийн хороодооос 381 нь интернэтийн сүлжээгүй байсан. Түүнд старлинк ашиглаж санал хураалтын дүнг дамжуулах бололцоотой болсон” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу