Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.10.11) орон даяар явагдаж буй билээ.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 тойрогт 45 мандат, дүүргийн 181 тойрогт 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 25-26 хэсгийн 5-р байранд саналаа өглөө.

Тэрбээр “УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргийг бий болгож, анх удаагаа бүсчилсэн хэлбэрээр явагдсан. Үүний үр дүнг хэрэгжүүлэх зорилготойгоор орон нутгийн сонгууль явагдаж байна гэж ойлгож болно. Улс орны хөгжлийн бодлогын түлхүү асуудал бол Засгийн газар УИХ-ын түвшинд яригддаг. Харин орон нутгийн хөгжлийн бодлого НИТХ-аар дамжуулан хэрэгждэг. Өмнөх жилүүдэд НИТХ-ын сонгууль ирц багатай болж өнгөрдөг байсан. Тиймээс энэ жил НИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирцийн босгыг халсан.

Иргэд амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрах, өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг бүрэн чадварыг бий болгох зорилгыг энэ удаагийн сонгуульд илүү анхаарах болов уу гэж найдаж байна. Иргэдийн төлөөлөгчөөрөө дамжуулаад иргэд өөрсдийнхөө бодож байгаа хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харж сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу