Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.10.11) орон даяар явагдаж буй билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Том жаал” цэцэрлэг дэх санал авах байранд саналаа өглөө.

Энэ үеэр тэрбээр “Сонгогчдодоо саналаа өгөхийг уриалж байна. Үндсэн хуулийн дагуу ардчилсан монгол иргэний хувьд төрийн эрх байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа хамгийн том эрх чөлөө гэсэн үг. Тиймээс УИХ-ын сонгуулийнхтай адил саналаа идэвхтэй өгөхийг иргэд, тэр дундаа залуучууддаа уриалж байна. Парламентын сонгууль бол илүү бодлогын сонголт. Төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулдаг, түүнээс бүрдсэн Засгийн газар үндэсний хэмжээний бодлого явуулдаг. Энэ удаагийн УИХ-ын сонгууль анх удаа 126 төлөөлөлтэй, парламентад суудалтай таван намтай, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-ас дээш хувьтай гэх мэт Ази тивдээ дэвшилттэй, онцлог парламентын нэг болсон. 

Орон нутгийн сонгуулийн тухайд таны амьдралд илүү ойрхон шийдвэр гаргадаг сонголт. Тиймээс иргэд маань өөрийнхөө амьдралд ойрхон, бодитой сонголтыг хийгээсэй гэж бодож байна.  Ямар төлөөлөл байвал Засгийн газартайгаа илүү нийлж, хамтарч ажиллаж чадах вэ, яаж орон нутгийн асуудлаа шийдэх вэ гэдэг нь туйлын чухал. Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд Улаанбаатар хот руу анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа. Тиймээс иргэд маань сонголтоо зөв хийгээсэй. 

Намуудаас янз бүрийн л хүмүүс нэр дэвшиж байна. Инфлүүнсэрүүд байх уу, экспертүүд байх уу, инженерүүд байх уу, хуульчид байх уу гэдгийг бодож, саналаа өгөөрэй. Бидний ирэх дөрвөн жилийн амьдралтай холбоотой асуудал юм.

Өнөөдөр сонгуулийн санал хураалтын өдөр учраас хэн нэгэн нэр дэвшигчийн талаар ярих нь ёс зүйн хувьд зохимжгүй. Ирэх жилүүдэд нийслэлд томоохон хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тиймээс хөөсөрсөн, популизм хийсэн, бие биенийхээ ажлыг гацаасан биш, илүү хөгжлийн урагшлуулсан сонголт хийгээсэй” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу