Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.10.11) 07:00-20:00 цагийн хооронд орон даяар явагдаж, санал хураалт улсын хэмжээнд 53.1 хувийн ирцтэйгээр өндөрлөв.

Санал хураалттай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Санал хураалт амжилттай болж, өндөрлөлөө. Өглөөний 7:00 цагаас эхлээд улсын хэмжээнд 2230 хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад орсон 2 сая 107 мянган сонгогчийн саналыг хураах ажлыг амжилттай зохион байгууллаа. Санал авах хэсгийн хороод хаалгаа барьж, дүнгээ амжуулах ажил эхэлж байна. 

Улаанбаатар хотын санал хураалтын дүнг тун удахгүй шууд дамжуулж үзүүлнэ. Аймгууд өөр өөрсдийнхөө сонгуулийн хороодод дэлгэц байрлуулаад, дүнгээ тухайн нутаг дэвсгэртээ дамжуулна. 

Өнөөдрийн санал хураалт элдэв маргаан, зөрчилгүйгээр тайван явагдаж дууслаа. Зарим хэсэгт тог тасарсныг түргэн шуурхай ажиллаж, засварласан. 

Ирцийн тухайд, улсын хэмжээнд нийт 53.1 хувийн ирцтэй байлаа. Нэрсийн жагсаалтад байгаа 2 сая 107 мянган сонгогчоос 1 сая 119 мянга 600 хүн саналаа өглөө. Үүн дээр бага зэргээр нэмэгдэнэ. Учир нь интернэтийн сүлжээнд холбогдоогүй алслагдсан хэсгийн хороодын ирцийн дүн нэгтгэгдэнэ. 

Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд маш идэвхтэй, бусдыгаа манлайлж оролцлоо” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу