Гэрэл гялбаж, олон бужигнасан шинэ орчин цочирдмоор. Гэвч дулаахан гар тосон авах тэр агшинд сэтгэл тайвшрах шинэ мэдрэмж амсана. Эрээнтэй энэ хорвоод ирэхэд ижийгээс минь урьтаж энгэртээ тэвэрч эрхлүүлсэн ховор заяатай энэ л ачтаныг “хүйн ээж” хэмээдэг билээ.

Хүмүүн заяан тэнхэлгээг тэгшитгэж, хос амьдралд итгэл тээх нялх олон үрсийг гар тосон авдаг олон олон ачтаны төлөөлөл болсон энэ эгэл даруу эрхэм хүмүүнийг Цангирагжавын Рэнчинмядаг хэмээнэ.

Тэрбээр Завхан аймгийн Баянхайрхан суманд долоон хүүхэдтэй малчин Цангирагжавын хоёр дахь охин болон мэндэлжээ. Таван дүүгээ өсгөлцсөн нь түүнийг эх баригч эмч болоход хөтөлсөн гэхэд болох юм.

Долдугаар ангиасаа л эмч болох хүсэлдээ хөтлөгдсөн тэрбээр наймдугаар ангидаа 70 гаруй хүүхдэд ирсэн долоон хуваарийн нэгийг атгаж, мөрөөдлийнхөө замд гарсан байна. Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуулийн эх баригчийн ангийг сонгож, дөрвөн жил эрдэмд шамдан суралцжээ.

Тухайн үеийн Анагаахын сургуульд ороход жинхэнэ өрсөлдөөн болдог байв. Сурлагаараа амжилт гаргасан оюутнууд бусдаас арай илүү стипенд авна. Ц.Рэнчинмядаг ч толгой цохидог оюутан байсан бөгөөд “Сүхбаатарын нэрэмжит тэтгэлэг”-ээс гадна хэд хэдэн тэтгэлэг авчихдаг овсгоотой оюутан байжээ.

“Будаг нь ханхалсан” шинэхэн эмч төгсөөд аймагтаа хуваарилагдаж, өөрийн хүсэлтээр төрсөн нутагтаа очиж ажиллахаар хүлгийн жолоо залсан байна. Хоёр нийгмийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед багийн эмчээр очиж ажиллажээ.

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Эмнэлгийн хангамж, нөхцөл муу байсан. 1991, 1992 онд эмнэлгийн багаж хэрэгсэл бүү хэл гурил, будаа гээд бүхий л юм ховор байсан. Лааны гэрэлд судас хатгах тохиолдол ч цөөнгүй байлаа.

Эмнэлгийн машин хөдөө орон нутагт өдрийн од мэт ховор. Дуудлагад голцуу мориор л явна. Даралтны аппарат, чагнуур гэсэн хоёр техникээр өвчтөнөө үзэж, оношоо тавьдаг байсан. Одоо бодох нь ээ их зориг зүрхтэй байжээ” хэмээв.

Багийн эмчээр 4-5 жил ажилласан тэрбээр сумынхаа эх баригчаар үргэлжлүүлэн ажиллаж, “хүйн ээж” хэмээн хүндлэгдэж эхэлсэн байна. Анх хүн төрүүлж байхдаа сандарсан талаараа ийнхүү өгүүлнэ.

Тэрбээр “Эх үр хоёрыг эсэн мэнд хоёр яс салгана гэдэг оюутны ширээнд сурсан эрдмээс тэс өөр зүйл байдаг юм билээ. Оюутан байхдаа мэдээд байна, сураад байна гээд л байгаа боловч яг амьдрал дээр гарахаар бүх зүйл өөр байдаг.

Анх хүн төрүүлж үзэхэд гарт ороогүй байсан болохоор их л сандарч байлаа. Зарим жил зааж, чиглүүлэх их эмч ч үгүй, бүгдийг өөрийн толгойгоор шийдэж, тусламж үйлчилгээгээ үзүүлдэг байсан” гэв.

Ийнхүү Ц.Рэнчинмядаг гэр бүлийнхээ хүний хамтаар зах зээлд ойртохын тулд Улаанбаатар хотыг зорьсон байна. Хотод ирээд, Хавдар судлалын үндэсний төвд зургаан сар ажиллажээ. Гэвч түүнийг хүүхдийн цангисан дуу, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал аз жаргалтай болгож буйг мэдэрсэн байна. Ийнхүү 2001 оноос Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төрөх тасагт эх баригчаар өдийг хүртэл ажиллаж буй аж.

Ц.Рэнчинмядаг эрүүл мэндийн манаанд 34 жил ажиллахдаа 11000 гаруй эхийг эсэн мэнд амаржуулж, мөн тооны хүүхдийг эх барьж, айл гэрт аз жаргал нэмж, “хүйн ээж” хэмээн нэрлүүлэх азтай хувь тавиландаа талархан суудаг байна. Түүний анхны эх барьж авсан хүүхэд хамаатных нь хүү бөгөөд одоо 33 настай идэр залуу болжээ.

Тэрбээр мэргэжлээрээ бахархан ярихдаа “Эх баригч эмч гэдэг маш үнэ цэнтэй мэргэжил. Хүн бүр хүндэлж, “Хүйн ээж минь” гэж холбоотой байдаг. Энэ их хүндлэлийн ард би ч бас маш их хариуцлагатай байж, тусламж, үйлчилгээгээ маш сайн үзүүлэх ёстой гэж бодож, өдөр бүр хичээн ажилладаг.

Эмэгтэй хүний тэр их өвдөлт, тэвчээрийн ард хүүхдийн дуу цангинах тэр мэдрэмжийг юугаар ч орлуулашгүй. Гэр бүлийн хамгийн аз жаргалтай мөчид нь хамт байх боломж олгодог сайхан мэргэжлээрээ үргэлж бахархдаг юм.

Тиймээс энэ сайхан мэргэжлийг эзэмшиж төгссөн болон төгсөж буй залуу боловсон хүчнүүддээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж ажиллахыг урьж байна. Эх баригч эмч сүүлийн жилүүдэд хомсдож байгаад харамсаж явдаг юм. “Хүйн ээж” хэмээн насаараа хүндлүүлэх сайхан мэргэжил юм шүү гэдгийг л хэлмээр байна” хэмээн учирлан ярьсан юм.

“ЭЭЖҮҮД ТӨРӨХ ӨРӨӨНД ГЭР БҮЛИЙНХЭЭ ХҮНТЭЙ ОРОХОД СЭТГЭЛЗҮЙН МАШ ТОМ ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДАЖ БАЙНА”

Үргэлжлүүлэн ээжүүддээ зөвлөгөө, мэдээлэл хүргэх үүднээс дараах тодруулгыг хүргэж байна.

-Төрөлтийн өвдөлтийг 50 хувь хүртэл намдаах амьсгалын техник гэж бий юу?

-Төрөлтийн өвдөлт тухайн эмэгтэйн сэтгэлзүйтэй холбоотой байдаг. Төрөлтийн өвдөлтийг маш их мэдэрдэг ээжүүд, харьцангуй бага мэдэрдэг ээжүүд гэж байдаг. Их өвдөж байгаа үедээ ээжүүд маань зөв амьсгалаад, өөрийгөө удирдаад, “Төрөөд л миний өвдөлт байхгүй болно” гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байвал өвдөлт бага мэдэрнэ. Тиймээс зөв амьсгалах дасгалыг ирсэн ээж бүхэндээ зааж өгдөг.

-Жирэмсэн эхчүүд хөхөө хэрхэн бэлдэх ёстой вэ?

-Жирэмсэн байх хугацаандаа хөхөө бэлдээгүйн улмаас төрсний дараа хүүхэд нь амалж чадахгүй, өлсөж уйлах тохиолдол гардаг. Ангир уургаа хөхөж чадаагүй хүүхдийн шарлалт удаан явагддаг. Хөхний толгойг муу арчилснаас болж төрсний дараа сүү ороход хөхний толгой улам цаашаа орж, хөх зангирах зэрэг асуудлууд гардаг. Иймд ялангуяа анхан төрөгчид хөхний толгойгоо маш сайн бэлдэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

• Хөхний даруулгыг зөв сонгох (аяганы хэсэг нь хөхийг дарахгүй, шахахгүй, үрэлт үүсгэхээргүй)

• Жирэмсэн үеийн 3, эсвэл 4 дэх сараас эхлэн зориулалтын хөхний даруулга хэрэглэх (хэрэв хөхний хэмжээ том бол унтаж амрах үедээ заавал тайлж байвал илүү тохиромжтой)

• Хүүхдээ хөхөөр хооллоход бэлтгэх үүднээс өдөрт 1 удаа хөхний толгойд зөөлөн иллэг хийж байвал хөхний толгой хагарахаас сэргийлнэ.

• Ангир уураг гарч эхлэх үеэс хөхийг оройдоо бүлээн усаар угаана.

• Саван болон спирттэй хөвөн, нойтон салфетка зэргээр цэвэрлэхийг хориглоно.

• Ангир уураг асгарч гоожоод байвал хөхний даруулган дотор хөвөн, даавуу хийж шингээж байх (үүнийг хуурай, цэвэр байлгахын тулд ойрхон солих нь хөхөнд халдвар орохоос сэргийлнэ).

-Сүүлийн үед эмэгтэйчүүд амаржих үед нөхрийгөө хамт байлгах хүсэлтэй болсон. Аавууд энэ үед сэтгэл санааны хэр бэлтгэлтэй байдаг вэ?

-Манай төрөх эмнэлэг хоёр жилийн өмнө засвар, шинэчлэл хийн, маш сайхан орчинтой болсон. Гэр бүлийн хүнтэй нь төрөх өрөөнд хамт орох орчныг нь бүрдүүлж өгсөн. Төрөх ээжүүдээсээ туслагч оруулах уу гэж асуудаг. Ихэнх ээжүүд хүнтэй орж байна. Энэ нь бидний ажиглаж байгаагаар маш зөв. Өвдөж байгаа үед гэр бүлийнх нь хүн тусална гэдэг тэр ээжийн сэтгэлзүйд маш том дэмжлэг болж чадаж байгааг харсан. Ганцаараа байгаад өвдөх нэг өөр, ойр дотных нь хүн хамт байж өвдөх бас нэг өөр байдаг.

-Кесар хагалгаанд орсон эмэгтэй дараагийн удаа жам ёсоороо төрөх боломжтой юу. Ингэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Бидний зөвлөж байгаагаар, кесараар төрсөн л бол дараа нь кесараар төрөх нь зүйтэй.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн өвчлөл түгээмэл байна вэ. Жирэмслэхээс өмнө залуу гэр бүлүүд юуг анхаарч, энэ төрлийн эмгэг болон жирэмсний бусад үеийн хүндрэлээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Төрөх гэж буй ээжүүдэд зөвлөхөд нэгдүгээрт, хүүхдийнхээ жинг анхаармаар байна. Хүүхэд том байвал хүүхдэд ч эрсдэлтэй, ээжид ч эрсдэлтэй. Тиймээс жирэмсний хяналтад эрт орж, хүүхдийнхээ жин дээр анхаарах хэрэгтэй байна. Төрөлт хоорондын зай гурван жилээс дээш байх хэрэгтэй. Мөн хооллолт дээр анхаарч, жин бага нэмэх хэрэгтэй. Хавсарсан суурь өвчтэй хүн өвчнөө эмчилж байгаад жирэмслэх нь зүйтэй.

Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаав (2024 он)
ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн Эх баригч эмч нар
Ц.Рэнчинмядаг гурван хүүхдийн ээж, зургаан ач, зээгийн эмээ юм

Л.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу