Нүүрстөрөгчийн ялгарлыг эрчимтэй бууруулах дэлхий нийтийн чиг хандлага Монголын уул уурхайн салбарт нэг талаар эрсдэл учруулах ч нөгөө талаар шинэ боломжийг эрэлхийлэхэд хүргэж буй.

Нүүрстөрөгчийн ялгарлыг саармагжуулах шилжилтийн хүрээнд 2040 он гэхэд БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарт шаардагдах нүүрсний хэрэгцээ буурч, улмаар Монголын нүүрсний эрэлт хумигдах төлөвтэй байгаа талаар Дэлхийн банк шинэ тайландаа онцлов.

Үнэндээ бид нүүрс экспортлох боломжоо алдвал эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болно. Гэвч нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах чиг хандлага лити, зэс гэх зэрэг бусад ашиг матмалын олон улсын зах зээл дээрх эрэлтийг нэмэгдүүлнэ.

Иймд чухал ашигт малтмалын нөөцтэй, түүнийг олборлох уул уурхайн туршлагатай Монгол зэрэг улсын хувьд нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах шилжилтийн үйл явц шинэ боломж, бололцоог бий болгох боломжтой юм.

Нүүрс экспортлох боломжоо алдсан тохиолдолд Монголын эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болно. Шинжээчид БНХАУ-ын Монголоос импортлох нүүрсний хэмжээ буурсан тохиолдолд Монгол Улсын эдийн засагт 2050 он гэхэд ДНБ-ий 7.0 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал бий болох тооцоолол хийжээ.

Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт 2.3 хувиар (хэдийгээр нийт ажиллах хүчний ердөө 2 хувь нүүрс олборлох салбарт ажилладаг боловч) буурах төлөвтэй байгаа аж.

Энэ хэдийгээр урт хугацааны таамаглал боловч БНХАУ ган үйлдвэрлэлийн салбар дахь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахаар эрчимтэй арга хэмжээ авсан тохиолдолд илүү богино хугацаанд бодит биелэлээ олох магадлалтай.

БНХАУ тус салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахыг урьтал болгож байгаа нь 2024 онд зарим талаар ажиглагдаж эхлээд байна. Ирээдүйд нүүрсний экспортын эрэлт зайлшгүй буурах учраас үүнд эртнээс бэлтгэж эхэлснээр тус салбарт ажиллагчдыг бусад салбар руу хялбар шилжихэд тус дөхөм болох юм.

Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах олон улсын чиг хандлага Монголоос олборлох зэс болон бусад ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн боломж, бололцоог шинээр бий болгох магадлалтай.

Зэсийн үйлдвэрлэл хэдийнэ бараа, бүтээгдэхүүний экспортын орлогын 1/5-ийг бүрдүүлж байгаа бөгөөд эдүгээ Оюу толгойн уурхай үйдвэрлэлээ өргөжүүлсээр байгаа билээ.

Нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологид зэсийг түүхий эд болгон түгээмэл хэрэглэж байгаа учраас 2040 оноос ч өмнө зэсийн эрэлт өндөр хадгалагдах баталгаа болж буй.

Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 2050 он гэхэд нүүрсний экспортоос алдагдсан орлогын 1/5-ийг нөхөх боломтой гэж Дэлхийн банкны шинжээчид үзэж байна.

Монголд үүнээс гадна уран болон лити (хэрвээ цэнэг хураагуурын үйлдвэрлэлд лити зонхилох түүхий эд хэвээр байвал) зэрэг ашигт малтмалыг олборлох боломж бий. Газрын ховор элементийн нөөцийг ашиглах боломжийг мөн үгүйсгэж болохгүй ч эхлээд олборлох бүтээгдэхүүний чанар, арилжааны үр ашгийг үнэлэхийн тулд нэмэлт хайгуул хийх шаардлагатайг ч онцлов.

Дэлхийн банк групп “Уур амьсгал ба хөгжил” тайландаа Монгол Улад уул уурхайн үйл ажиллагааг ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх тухай зөвлөмжийг нийтэлжээ.

Тус зөвлөмжийг сийрүүлбэл, хөрөнгө оруулалтын орчин сайжирвал уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Уул уурхайн салбарт шинэ хүчин чадлыг бий болгон хөгжүүлснээр Монгол Улс гаднын хөрөнгө оруулалт татах томоохон боломжийг эрэлхийлж чадна.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр өнөөгийн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг бэхжүүлсэн тохиолдолд, хувийн хэвшлүүдэд хөрөнгө оуулалт хийх сонирхол аль хэдийнэ бий болсон байна.

Шинээр эхлүүлэх үйл ажиллагааг дагаад уул уурхайн салбар дахь байгаль орчин, нийгмийн засаглалын үйл ажиллагааг мөн сайжруулах боломж гарч ирнэ.

Эцэст нь, зэсийн томоохон экспортлогч Чили улсын жишгийг дагаж, уул уурхайн салбарын үйл ажиллагааг дэвшилтэт түвшинд хүргэснээр уул уурхайтай холбоотой инженерчлэл, техникийн үйлчилгээг бусад оронд экспортлох боломж нээгдэнэ.

Иймд нүүрсний эрэлт аажмаар буурах ирээдүйн сорилтод бэлтгэх, бусад ашигт малтмал олборлолтыг тэлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт татах асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгох нь зүйтэй.

Нүүрсний эрэлт буурах ирээдүйн сорилтод бэлтгэх хугацаа хангалттай байгаа ч цаашид ажлын байраа алдаж болзошгүй иргэдийн амь амьжиргаанд үүсэх сөрөг нөлөөллийг хязгаарлах зорилгоор урт хугацааны төлөвлөгөө бловсруулж, авч хэрэгжүүлснээр уг шилжилтийн үйл явцыг хөнгөвчлөх болно.

Бусад эрдэс, ашигт малтмалын олборлолтыг тэлэх эсэх асуудал хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэхээс шууд хамаарна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад холбогдох заалтуудыг тусган, энэхүү суурь нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” хэмээн зөвлөжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу