Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийн Зүүн бүсийн байлдааны командлалын албан ёсны төлөөлөгч, ахлах хурандаа Ли Си “Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийг тойрон “Хамтарсан сэлэм-2024В” сургуулилт хийж эхэллээ” гэж мэдэгдэв.

Тэрбээр мэдэгдэлдээ “Тайванийн хоолой, түүний хойд, өмнөд, зүүн хэсэгт ХАЧА-ийн зүүн байлдааны командлалын бүс хуурай замын цэрэг, тэнгисийн цэргийн хүчин, нисэх хүчин, пуужингийн хүчин болон бусад цэргүүдийг зохион байгуулж, Тайванийн хоолойд “Хамтарсан сэлэм-2024В” сургуулилт хийж эхэллээ” гэжээ.

Түүний хэлснээр, эдгээр сургуулилт нь “Тайванийн тусгаар тогтнолыг эрэлхийлж буй салан тусгаарлах хүчнийг саатуулах зорилготой” бөгөөд “Үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах, үндэсний эв нэгдлийг хадгалах хууль ёсны бөгөөд шаардлагатай арга хэмжээ” гэж хэлсэн байна.

Ли Си “ХАЧА-ийн хөлөг онгоц, нисэх онгоцууд Тайванийн арал руу олон чиглэлээр ойртож, цэргүүд агаар, тэнгисийн байлдааны эргүүл хийх, гол боомт, бүс нутгийг бүслэх, далай болон хуурай газрын бай руу довтлох, иж бүрэн хяналт тавих зорилготой нэгдсэн довтолгоо хийх, ХАЧА-ийн цэргүүдийн хамтарсан ажиллагаа явуулах чадварыг туршиж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Тайвань бүсийн удирдагч Лай Чиндэ аравдугаар сарын 10-нд үг хэлэхдээ “Тайванийн хоолойн статус-кво-г хадгалахын тулд Тайбэйгийн хүчин чармайлт өөрчлөгдөөгүй хэвээр байна” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, арал нь “төрийн бүрэн эрхээ” хамгаалах аж.

Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Тайвань бол Хятадын нэг хэсэг. Тус арал хэзээ ч тусгаар тогтносон улс байгаагүй. Хэзээ ч тусгаар тогтнохгүй” гэж мэдэгджээ.

Тайваньд өнгөрсөн тавдугаар сарын 20-нд арлын засаг захиргааны шинэ тэргүүн Лай Чиндэгийн тангараг өргөх ёслол болсон. ХАЧА-ийн Зүүн байлдааны командлалын бүс тавдугаар сарын 23-нд Тайвань, түүнчлэн Дун Инь, Мазу, Вуциу, Кинмэн арлуудыг тойрсон хоёр өдрийн “Хамтарсан сэлэм-2024А” сургуулилт эхэлснийг зарлав.

Тус сургуулилтад хуурай замын болон пуужингийн хүчин, Тэнгисийн цэргийн болон Агаарын цэргийн хүчин оролцсон байна. ХАЧА-ийн мэдэгдэлд дурдсанчлан, сургуулилт хийж, “салан тусгаарлах хүчинд анхааруулга өгөх ёстой” юм байна.

Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы хүчний үлдэгдэл 1949 онд Хятадын иргэний дайнд ялагдаж, дүрвэснээс хойш Тайванийг өөрийн гэсэн засаг захиргаа удирдаж буй. Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж гэж үздэг.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу