Дэлхийд төдийгүй манай улсад цаг үргэлж урлаг, соёлын сонин содон арга хэмжээ болж байдаг. Хөгжлийн хурдыг дагах эсвэл дагуулах олон содон, гоц, гаж бүтээлүүд дэлгэгдсээр буй.
Дүрслэх урлаг нь хүн төрөлхтний түүх, соёл, үзэл санааг илэрхийлэх гол хэрэгсэл болдог. Тэр ч утгаараа тэртээгээс эдүгээ хүртэл улс, орнууд соёл урлаг, бүтээлээрээ дамжуулан үзэл санаагаа тунхагласаар ирсэн. Тэгвэл дэлхийн дүрслэх урлагийн салбарт нэгэн том арга хэмжээ болох гэж байна. Энэ бол “ART X Lagos 2024”
“ART X Lagos 2024” буюу “Баруун Африкийн урлагийн Олон Улсын үзэсгэлэн”-гийн ес дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 31-нээс, арван нэгдүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулагдна.
   
“Promised Lands,” сэдвийн дор өрнөх уг арга хэмжээ нь 2016 оноос хойш зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 70 гаруй орны уран бүтээлчид, галерей, цуглуулагчдыг нэгтгэж Африкийн шинэ хөгжлийн чиглэлүүдийг ярилцдаг олон улсын нэр хүндтэй платформ болж өргөжжээ.
Энэхүү үзэсгэлэнд Зимбабвегийн Хараре, Бениний Котону , Лагосоос Лондон хүртэлх олон орны нөлөө бүхий уран бүтээлчид оролцдог. Тэдгээр уран бүтээлчид нь үзэсгэлэнгийн зохион байгуулалтад тусгасан 10 хэсэгт бүтээлээ хуваан байршуулж толилуулах юм.
2024 оны үзэсгэлэнд Affinity Art Gallery, Galerie MAM, Nike Art Gallery зэрэг нэр хүндтэй галерейнууд оролцох бөгөөд Африкийн орчин үеийн бүтээлч урлагийг цогцоор нь үзүүлэхээс гадна олон төрлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, олон уулзалт арга хэмжээг зохион байгуулах юм.
Үзэсгэлэн Лагос хотын Federal Palace Hotel-д зохион байгуулагдах бөгөөд “Африкийн уран бүтээлчдийн дэлхийн урлагийн тавцанд эзлэх байр суурийг бататгаж, орчин үеийн Африкийн бүтээлч урлагийг тэмдэглэх үйл явдал болно” зохион байгуулагчид тодотгож байгаа юм.
Federal Palace Hotel - POWEREXLIMITED
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу