Иран Америкийн зэвсэгт хүчнийг Израилийн нутаг дэвсгэрт оруулахгүй байхыг Вашингтонд анхааруулсан. Гэвч Пентагон өнгөрсөн Ням гарагт “АНУ Израиль руу пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон цэргүүдээ илгээнэ” гэж мэдэгдэв.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Пэт Райдер мэдэгдэл хийхдээ, Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин Ерөнхийлөгч Жо Байдены заавраар “THAAD” (A Terminal High Altitude Area Defense) систем байрлуулах зөвшөөрөл олгосон талаар мэдээлжээ.

Тэрбээр “Уг систем нь 4, 10 дугаар сард Иран Израиль руу баллистик пуужингаар довтолсны дараа Израилийн агаарын довтолгооноос хамгаалах хүчнийг бэхжүүлэхэд тусална” гэж мэдэгджээ.

Пуужингийн довтолгооноос хамгаалах боловсронгуй систем нийлүүлэх нь бүх нийтийн дайнаас зайлсхийхийн тулд өргөн хүрээг хамарсан дипломат хүчин чармайлтыг үл харгалзан Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг улам хурцатгах эрсдэлтэй.

Ливаны зэвсэгт бүлэглэл Газа дахь холбоотон Хамас бүлэглэлийг дэмжин 2023 оны аравдугаар сарын 8-нд хил дээгүүр пуужин харваж эхэлснээс хойш Израилийн хүчин болон Ливан дахь “Хезболла” бүлэглэл хоорондын мөргөлдөөн эхэлсэн. Өнгөрсөн сарын сүүлээр Израиль Ливан руу хуурай замаар довтолсон юм.

Иран Израилийн зүг аравдугаар сарын 1-ний өдөр 180 орчим пуужин харвасан. Үүнтэй холбогдуулан “Израиль цэргийн хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байна” гэж олон нийт үзэж байгаа аж.

Байден өнгөрсөн Ням гарагт Флорида мужийг орхин явахын өмнө сэтгүүлчдэд товч ярилцлага өгөхдөө “Израилийг хамгаалахын тулд “THAAD” систем байрлуулахыг зөвшөөрсөн” гэж мэдэгджээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Пэт Райдер “АНУ Израилийг хамгаалах, мөн Израиль дахь америкчуудыг Ираны баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах хатуу үүрэг хариуцлага хүлээснээ нотолж байна” гэжээ.

“THAAD” систем хаанаас, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа аж. Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Надав Шошани тус систем хэзээ ирэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч АНУ-д дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

“ХАМАС” бүлэглэлийн гишүүд 2023 оны аравдугаар сарын 7-нд Израиль руу халдсаны дараа тус бүс нутаг дахь АНУ-ын хүчнийхний хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд АНУ өнгөрсөн оны сүүлээр нэг “THAAD” системийг “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн хамт Ойрхи Дорнодод байрлуулсан.

Райдер мөн “АНУ 2019 онд Израиль руу сургалт явуулах зорилгоор “THAAD” систем илгээсэн” гэж мэдэгджээ. Израиль улс АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” системийг олон арван жил ашигласны эцэст саяхан зогсоосон байна.

Конгрессын судалгааны албаны дөрөвдүгээр сарын тайланд дурдсанаар, тус улсын зэвсэгт хүчин долоон “THAAD” системтэй. Ерөнхийдөө тус бүр нь ачааны машинд суурилуулсан зургаан хөөргөгч, 48 саатуулагч, радио, радарын төхөөрөмжөөс бүрддэг бөгөөд түүнийг ажиллуулахад 95 цэрэг шаардлагатай ажээ.

Эх сурвалж: AP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу