16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам нь “Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх”, “дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх”, “кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэ” зорилготой. Мөн тус наадам нь нээлтийн кино, Монгол киноны уралдаант хэсэг, олон улсын баримтат ба уран сайхны кино үзвэр, хүүхэд залуучуудын үзвэр, сургалт, форум гэсэн үндсэн хэсгүүдтэй.
Энэ жилийн наадам нь
  • Нээлтийн ёслол, нээлтийн үзвэр,
  • Монгол кино үзвэр,
  • Олон улсын баримтат ба уран сайхны үзвэр,
  • “Үзэхийн Хязгаар” монгол сонгодог бүтээл,
  • “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэж байгаа юм.
Наадмын хүрээнд гарах бүх кинонууд “Тэнгис”, “Өргөө 3” болон “Синема Нэкст” кино театруудаар үзэгчдийн хүртээл болно.
Кино наадмын онцлох хэсэг бол Монголын сор, сонгодог хуучны уран бүтээлч-найруулагчийн бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр толилуулж, нэрт уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилготой “Үзэхийн Хязгаар” хэсэг байдаг.
2024 оны онцлох найруулагч Монгол Улсын Төрийн Шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт кино найруулагч Бэгзийн Балжиннямыг танилцуулж, түүний 1986 онд бүтээсэн “СҮҮДЭР” УСК, 1984 онд бүтээсэн “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” УСК-г онцлон, 2024.10.19-ний өдөр Тэнгис кино театрт тус тус ганцхан удаа өргөн дэлгэцээр толилуулахаар болжээ.
May be a graphic of 3 people and text
Мөн энэ жилийн кино наадам Алтан хальс ТББ-тай хамтран “Залуу үзэгч” тусгай хөтөлбөрийг санаачлан үзэгчдэд бэлэг барьж байгаа аж. Энэхүү хөтөлбөр нь түүх өгүүлсэн, баримтат болон арт хаус төрлийн уран бүтээлийг залуу хойч үедээ танилцуулах, кино наадмын үзэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой. Тус хөтөлбөрт АНУ, Монгол, Франц зэрэг улсуудын 4 киног 2024.10.19-20-ны өдрүүдэд Синема Нэкст кино театрт үнэ төлбөргүйгээр үзэгчдэд толилуулахаар бэлтгэсэн байна.
“Улаанбаатар” кино наадмын хүрээнд Герман, Франц, Австрали, АНУ, Итали, Непаль, Хятад, Энэтхэг, Швед, Палестин, Норвеги, Ирланд зэрэг улсуудын 2023-2024 онд бүтээгдсэн 14 шилдэг олон улсын уран сайхны болон баримтат киног үзэгчдэд толилуулахаар хөтөлбөрөө гаргасан.
Тухайлбал, 2024 оны Каннын наадмын Grand Prix шагналт “Төсөөллийн гэгээ” кино, Special Prize шагналт “Ариун инжир модны үр” кино, Youth Award шагналт “Тосоор гоож” кино, Un Certain Regard Prize шагналт “Хар нохой”, Сиднэйн кино наадмын Sydney Film Prize шагналт “Маргааш бий” кино, 2023 оны Венецийн кино наадмын Оризонти хэсгийн “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналт “Сэр Сэр Салхи” зэрэг кино бүтээлүүд гарах гэж байна.
Олон улсын үзвэрүүд 2024.10.18-22-ны өдрүүдэд Тэнгис, Өргөө 3, Синема Нэкст кино театруудаар гарах ба үзэгчид тасалбараа тухайн театруудын билетийн кассаас авч үзэх боломжтой.
Мөн Монгол кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Сандэнс кино наадам болон Кино наадам хамтарсан хамтарсан хөтөлбөр, “Авдраа уудал: Баримтат уран сайхны кино бүтээх нь” цуврал сургалтуудыг 2024.10.17-18, 21-ний өдрүүдэд тус тус зохион байгуулна.
Дашрамд дурдахад, наадмын кино үзвэрийн тасалбар өнөөдрөөс (2024.10.14) кино театруудын онлайн болон салбар кассаар худалдаалагдаж эхэлжээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу