Эрдэмтдийн өнгөрсөн оны эхээр нээсэн “C/2023 A3” (Tsuchinshan–ATLAS) хэмээх сүүлт од дэлхийтэй хамгийн ойр буюу 71 сая километр (44 сая миль) зайд ойртжээ.

Итали улсын инженер, одон орон судлаач, ABProject SPACE-ийн гүйцэтгэх захирал Антонино Бросио тус сүүлт одны зургуудыг цахим хуудастаа нийтэлсэн байна.

Тэрбээр “Үнэхээр гайхалтай. Canon 90D болон 70-300 линзийг 70 F5, 18-55 линзийг 18 F4 болгож тохируулан авсан C/2023 A3 (Tsuchinshan-ATLAS) сүүлт одны зураг. Эдгээр нь Эолийн арлууд орчим Никотера (VV)-д, бүрэнхийд авсан зургууд юм” гэж бичжээ.

Youtube-ийн хэрэглэгч @LateNightAstronomy өчигдөр (2024.10.13) “Би анх удаа сүүлт одыг ажиглаж байгаад орж ирлээ. Нар жаргаснаас хойш 35 минутын дараа миний дуранд харагдсан бөгөөд нар жаргаснаас хойш 40 минутын дараа дурангүй харсан.

Тэнгэр харанхуйлах тусам урт, өргөн сүүл нь нарнаас холдож байв. Энэ бол миний харж байсан хамгийн тод сүүлт оддын нэг байсан бөгөөд 90-ээд онд Хейл-Боппоос хойш анх удаа сүүлийг нь энгийн нүдээр харж чадсан. Сүүлт од хэдэн өдрийн турш харагдана шүү” хэмээн бичжээ.

@star_titan “Би сүүлт одыг Энэтхэгээс өглөө хэд хэдэн удаа харж, 4” телескопоор дамжуулан тод цөмийг нь хүртэл харсан. “Цучиншан ATLAS”-аас өмнө би Леонард (2021), ZTF (2023), ПонсБрукс (2024) оддыг харсан боловч тэдний аль нь ч “Tsuchinshan-ATLAS” шиг байгаагүй. Миний нүдэнд сүүл нь хотын гэрлээс ч тод харагдсан!!!

Энэ бол үнэхээр гайхалтай сүүлт од байх болно. Гэхдээ харамсалтай нь аравдугаар сарын 17-ныг хүртэл цаг агаар үүлэрхэг байх учраас би үргэлжлүүлэн харж чадахгүй нь” гэжээ.

ХАМГИЙН СҮҮЛД НЕАНДЕРТАЛЬЧУУДЫН ҮЕД ДЭЛХИЙД ОЙРТЖЭЭ

“Tsuchinshan-ATLAS” сүүлт од есдүгээр сарын 27-нд нартай хамгийн ойр орших перигелионд амжилттай хүрч, есдүгээр сар болон аравдугаар сарын эхээр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст харагдаж эхэлжээ. Улмаар нарны аймгаас гарч, аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн хүртэл бөмбөрцгийн хойд хагаст харагдах аж.

НАСА-ийн мэдээлснээр, сүүлт од нарыг 80.000 жил тутамд нэг тойрдог бөгөөд дэлхийд хамгийн сүүлд неандертальчуудын үед ойртжээ.

Сүүлт од нь урт, сунгасан сүүлтэй, шөнийн тэнгэрт тод галт бөмбөлөг мэт харагддаг байна. Алабама мужийн Хантсвилл дахь Маршаллын сансрын нислэгийн төв дэх НАСА-ийн Солирын хүрээлэнгийн албаны дарга Билл Күүк өмнө нь сүүлт одыг илүү сайн харахын тулд дуран ашиглахыг зөвлөжээ.

Ажиглагчид уг сүүлт одыг 2023 онд Хятадын Цучиншань ажиглалтын төв болон Өмнөд Африк дахь “ATLAS” телескопоор дамжуулан анх илрүүлсэн байна.

Image

Эх сурвалж: FORBES, NASA, CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу