Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтаж манай улсын харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар өнөөдөр (2024.10.14) мэдээллээ. 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл:

-2013 оноос хойш брайль саналын хуудсыг хэвлэн гаргаж, харааны бэрхшээлтэй иргэд бие даан сонгууль өгөх эрхээ эдэлж ирсэн. Харамсалтай нь, энэ жилийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар хараагүй хүмүүсийн бусдын тусламжгүйгээр хараат бусаар бие даан сонгууль өгөх эрх зөрчигдлөө.

Тухайлбал, энэ жилийн хоёр сонгуулиар брайль саналын хуудас нь хүртээмжгүй, харааны бэрхшээлтэй хүн тэмтэрч унших боломжгүй байлаа. Бид УИХ-ын сонгуулийн дараа энэ тухай гомдол гаргасан ч хариу ирээгүй.

Орон нутгийн сонгууль дээр үүнийгээ сайжруулж ажиллах болов уу гэж бодсон боловч Сонгуулийн ерөнхий хороо энэ тал дээр ажилласангүй. Хэрэв энэ нөхцөл байдлыг олон улсын байгууллагад хандвал хоёр сонгууль хүчингүй болох ч үндэслэлтэй. 

Хараагүй хүн сул болон бүрэн хараатай гэсэн хоёр янз байдаг. Сул хараатай хүн сонгуулиа өгөх гэж очоод, “Бидэнд зориулсан брайль саналын хуудас хаана байна вэ” гэхэд тухайн сонгуулийн хэсгийн хорооны ажилтан томруулдаг шил ашиглаж саналаа өгөх шахалт үзүүлсэн байна.

Томруулдаг шил ашиглаад ч энгийн хүнд зориулагдсан сонгуулийн хуудсыг харж чадахгүй хүн байж болно. Тийм учраас брайль саналын хуудсаар саналаа өгөх бүрэн нөхцөлөөр нь хангасан байх ёстой юм” гэлээ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу