УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдөр (2024.10.14)-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.

Хуралдааны эхэнд 2025 онд баримтлах Мөнгөний бодлогын талаарх төв банкны удирдлагын мэдээллийг сонсож, улмаар бүлгийн гишүүд мөнгөний бодлогыг төсөвтэй уялдуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхдээ “Энэ долоо хоногт мөнгөний бодлогын тухай хэлэлцүүлэг явна. Энгийнээр хэлэхэд, Монгол Улсын төсөв асар ихээр тэлчихсэн, нөгөө талд нь мөнгөний бодлого, хүүгээ сулрууллаа гэсэн үндсэндээ хамгийн утгагүй хоёр шийдвэр гарсан.

Төсөв тэлчихсэн байхад мөнгөний бодлогын хүү буурна гэсэн байж боломгүй шийдвэрийг УИХ-д оруулж ирж байгааг хэлэлцүүлгийн явцад тайлбарлана биз. Ер нь улсын төсөв тэлнэ гэдэг ирэх жилүүдэд бизнесүүдийн орон зайг хумих бодлогыг Засгийн газар, Монголбанкнаас зарласан гэсэн үг.

Ийм бодлогын үр дүнд Монголын эдийн засагт ойрын үед маш их хэмжээний долларжилт явагдана, төгрөгийн хадгаламжууд доллар луу шилжинэ. Валютын нөөц огцом буурна. Дөрвөн тэрбум доллар гэж байсан, одоо хэвээрээ л байна. Та бүхэн анзаарч байгаа бол эдийн засаг өслөө гээд валютын нөөц өсөхгүй л байна. Гэх мэт нөхцөл байдал, үр дүнгүүд гарна” гэв.

Монголбанкны ерөнхийлегч Б.Лхагвасурэн болон албаны хүмүүс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд оролцож, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах ундсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулга хийж, гишүүдийн асуусан асуултад хариулсан байна.

Тус бүлгийн хуралдаанаар хоёрдугаарт, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд дүгнэлт хийсэн талаар хэлэлцжээ. Ардчилсан нам 330 сумаас 159-т, 21 аймгаас 7-нд, 9 дүүргээс нэгт нь ялалт байгуулж, нийслэлд ялагдал хүлээсэн.

Энэ удаагийн сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж үзэхэд, санал хураалтыг 20.00 цагт хааж, Баасан гарагт зохион байгуулсан нь нийслэлд ирц бага байхад нөлөөлсөн. Энэ мэтээр МАН өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн зохион байгуулалтыг хийсэн.

Иймд цаашид сонгуультай холбоотой хууль тогтоомжуудад анхаарч, нэг талд хэт давуу байдлыг бий болгосон зохицуулалтыг арилгахад чиглэсэн ажлын хэсгийг байгуулахаар тогтжээ.

Мөн тус бүлэг 2024-2028 онд баримтлах тус бүлгийн дотоод журмыг авч хэлэлцсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу