Халтиргаа гулгааны улирал эхэлж буй энэ үед жолооч нарт хамгийн их тулгамддаг асуудлуудын нэг бол өвлийн дугуй байдаг. Анхны цастай уралдан өвлийн дугуйны эрэлд гарах иргэдийн тоо нэмэгджээ. Энэ удаа бид өвлийн дугуйны үнэ ханшийн талаар сурвалжлахаар “Өгөөмөр” захыг зорилоо.

Биднийг “Өгөөмөр” захын үүдээр ормогц өвлийн дугуй сонирхож буй иргэд лангуунуудын үүдэнд зогсож байв. Зарим нь дугуйгаа аль хэдийнэ сонгочихсон авч яваа харагдсан юм. Анхны цастай уралдан ганц, хоёр гэлтгүй дөрвөн дугуйгаа бөөнөөр нь худалдан авч байгаа иргэд ч харагдав. 

Худалдаа эрхлэгчдийн зүгээс дугуйны үнэ ханш харьцангуй тогтвортой байгаа талаар хэлж байсан юм. Мөн Япон Улсаас оруулж ирсэн хуучин дугуй 80 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол Хятад Улсаас оруулж ирсэн шинэ дугуй 170 мянга төгрөгөөс дээш үнээр зарагдаж байгаа талаар хэлэв.

Худалдаа эрхлэгч Б.Бямбажав:

-Энэ жил анх удаа дугуй зарж байна. Япон Улсаас явж байсан дугуй оруулж ирдэг. Цас орох гээд хүмүүсийн худалдан авалт сайн байна. 

Үнийн хувьд хэмжээ, хээнээсээ шалтгаалаад өөр өөр байна. Тухайлбал, хүмүүс хамгийн их худалдан авдаг “Тоёота Приус 41”-ийн дугуй 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Бусад нь 80 мянга, 90 мянга, 120 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Шинэ дугуй 170 мянга төгрөгөөс дээш гээд бүр үнэтэй зарагдаж байгаа. 

Өнгөрсөн жил буюу 2023 онд Өгөөмөр захад өвлийн хуучин дугуйны дундаж үнэ 45-80 мянган төгрөг байв. 

Худалдаа эрхлэгч Ш.Ганболд:

Дугуй 195 мянга, 65 мянга, 70 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Тухайлбал, 215, 60, 17-той дугуй сайн, 600 мянган төгрөгийн үнэтэй байна. Би орж ирсэн япон дугуй зарж байна. Хятадаас орж ирж байгаа зарим дугуй 600-700 мянган төгрөгийн хооронд л хэлбэлзэж байна. Хүмүүс өвлийнхөө дугуйг авч эхэлж байна. Өчигдөр, уржигдраас зам хаачихаад, худалдан авалт муу байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад үнэ өсөөгүй, буураагүй хуучин үнээрээ л зарагдаж байна. Хүмүүс ихэвчлэн япон дугуй л авч байна. Хээ, заалтаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байна. 

зарим Иргэд дугуйны үнэ ханш өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нэмэгдсэн талаар хэлж байв. 

Иргэн Ө.Дарханбаатар:

-Уржнан 50 мянган төгрөг байсан дугуй ноднин 100 мянган төгрөг болоод, ноднин 100 мянган төгрөг байсан дугуй энэ жил 200 мянган төгрөг болчихсон байна. Би олон машины дугуй авдаг. Тухайлбал, “Портер”, “Приус 41”-т дугуй авна. Дугуй жил ирэх тусам үнэд ороод байна. Шинэ дугуй авна гэж бодож байна. Одоо ч гэсэн дугуй авах гээд л явж байна. Жил болгон дугуйгаа солихгүй бол хэцүү шүү дээ. 

Цаанаасаа татварыг нь хасаад, үнийг нь унагаадаг бол хамаа алга. Ард иргэд ажил төрөлдөө машин уначихмаар байна. Дугуйныхаа үнийг дийлэхгүй л явж байна. 

Жишээлбэл, “Тоёота Приус 41”-ийн дөрвөн дугуйны пакрышк нэг сая орчим төгрөг болж байна. Бүхэл бүтэн нэг хүний нэг сарын орлого болчих гээд байна шүү дээ. 

Иргэдийн хувьд жил бүр “Өгөөмөр” захаас дугуйгаа худалдан авдаг аж. Мөн өвөл авсан дугуйгаа дөрвөн улирлын турш хэрэглээд, дараа өвөл нь дахин шинэ дугуй авдаг байна. 

Баян-Өлгий аймгаас зорьж ирсэн иргэн машины дугуй хотод илүү үнэтэй байгаа талаар хэлсэн юм.

Тэрбээр “Дугуй өнгөрсөн жилийнхээс илүү үнэтэй байна. Өвлийн нэг дугуйг 160 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Хоёр дугуй нийлээд 320 мянган төгрөг болж байна. Жил болгон “Өгөөмөр” захаас авдаг. Японоос оруулж ирсэн дугуйг 2-3 жил хэрэглэчихдэг. Эдэлгээ сайн байдаг” гэлээ. 

Иргэн Ц.Гүнбилэг:

-Би “Приус” унадаг. Өнгөрсөн жил нэг удаа өвлийн дугуй авч байсан. Үнэ нь энэ жил ойролцоо л байна. Миний хувьд жижиг хэмжээтэй, явж байсан, он залуу дугуйг 80 мянган төгрөгөөр авлаа. 

мөн нэгэн иргэн “Приус 30” маркийн автомашины нэг ширхэг дугуйг 150 мянган төгрөгөөр худалдаж авснаа хэлж байв. 

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу