Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөг төлж, зөвшөөрөл авахаар болсон.

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж буй хувь хүнийг 100,000 төгрөгөөр торгоно

Энэ дагуу зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ.
Энэхүү зохицуулалт өнөөдөр (2024.10.15)-өөс хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Иргэд:
  • Хувийн болон улсын такси үйлчилгээг хангалттай хэмжээнд болгосон тохиолдолд хувь хүн халтуур хийхийг хоригловол зөв шийдвэр. Харин арай нөхцөл нь бүрдээгүй, өөрөөр хэлбэл нийслэлийн хаана ч такси хүрэлцээтэй биш байгаа үед энэ төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний диктатур, хүч хэрэглэж торгох асуудал гараад ирэхээр ард иргэдийн асар их эсэргүүцэлтэй тулгарна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй болно гэсэн үг.
Хөрсөндөө буусан хууль санаачилж чадаагүй байна л гэж үзэж байна. Торгоно гэж байгаа. Торгох систем нь ямар байх вэ, торгох хүн нь хэн юм бэ, иргэнийг торгох хуулийн этгээд нь хэн юм бэ гэдэг нь хуулийн маш том зохицуулалт юм. Торгох эрх нь байгаа юу, хүний үндсэн эрхийг ч зөрчих асуудал яригдана. Энэ мэтчилэн нарийн зохицуулалтыг хийсний үндсэн дээр хэрэгжүүлсэн бол түгжрэл бууруулахад нөлөөлж болох байх. Ямартай ч одоогоор бол хэрэгжих боломжгүй.   
  • Дэмий л зүйл гэж бодож байна. Өөрсдийнх нь хувийн унаа шүү дээ. Такси бааз, үйлчилгээний төвүүд л тэгж зохион байгуулалтад ороод явдаг юм байгаа биз. Хувийн хэрэгцээндээ бол хотын захаар яваад байж болно шүү дээ. Би тэгж их таксинд яваад байдаггүй юм. Дэнжийн 1000 орчимдоо л ажлынхаа хажуугаар явдаг юм. Оройдоо унаагүй болсон үед 3000-ын унаанд бас явна. Энэ чинь өнөөгийн байдалд амьжиргаанд маш хэрэгтэй шүү дээ.
  • Такси үйлчилгээнд явж амьдралаа залгуулдаг өрх олон байгаа. Тэр хүмүүст нэлээн хүнд тусна байх. 3-10 сая төгрөгөөр тусгай тэмдэгт авч, үйлчилгээ явуулж болно гэж байгаа. Арай л үнэтэй байгаа юм шүү дээ. Үнэхээр л цэгцлэх гэж байгаа бол тусгай тэмдэгтийн төлбөрийг хямдруулж, аль аль талдаа уян хатан байх л хэрэгтэй болов уу.
  • Хоёр талтай байх. Нэг талдаа иргэдийн аюулгүй байдал, жолоочдын эрсдэлээс хамгаалж байгаа байх. Нөгөө талдаа хувиараа такси үйлчилгээ явуулж амьжиргаагаа залгуулдаг иргэдэд хүндрэлтэй. Нийслэлд албан ёсны такси нэлээд байдаг болсон. Гэвч бүх иргэн түүнд бүртгүүлээд явахад бас боломжгүй л байдаг шиг харагддаг юм. Хувиараа ч гэсэн тэдгээрээс дутахгүй сайхан үйлчилгээтэй такси байдаг шүү дээ. Тэгэхээр шийдвэрээ сайтар нягтлах л хэрэгтэй болов уу. Үнэхээр л өвлийн хүйтэнд такси олдохгүй үе зөндөө шүү дээ.
Таксигаар үйлчлүүлсэн иргэд гэмт хэрэгт өртөж, хохирох тохиолдол ихэссэн тул УИХ-аас Зөрчлийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар дээрх зохицуулалт үйлчлэхээр болсон юм.
Албаны мэдээнд дурдсанаар сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой 3000 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 2900 гаруй нь нийслэлд үйлдэгдсэн. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, зөвшөөрөл авсан хувь хүн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээр хуульд заасан нь ийн хэрэгжиж эхлээд байна.
Харин нөгөө талдаа ажлынхаа хажуугаар такси үйлчилгээнд явдаг иргэд нэлээд хохирох нь тодорхой боллоо. Мөн нөгөөтээгүүр хуулийн заалтын хэрэгжилт хэрхэх нь ойлгомжгүй хэвээр үлдэж байна. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцдог 400 мянга гаруй автомашины чухам хэнийг нь олж торгоод хэнийг нь өнгөрөөх вэ гэдэг асуулт ч гарч ирэх нь ээ. 
Энэ талаар иргэдэд тулгарсан асуудал болон хуулийн хэрэгжилттэй холбоотой албаны тодруулга мэдээллийг бид сурвалжлан хүргэх болно.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу