Олон Улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын албадан хөдөлмөртэй холбоотой Олон Улсын зөвлөмж, протоколын биелэлтийг хангахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжиж буй “Бридж-II” төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Төв зөвлөл болон Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад сургалт, судалгааны ажил зохион байгуулж ажиллажээ.

Сургалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой нүүрсний бүлэг ордоос уртын болон богинын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нар болон тус бүсэд нүүрс ачих, буулгах талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил олгогчид, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа “Гашуунсухайт авто зам” ХХК, “Тавантолгой” ХК, Цогтцэций сумын Сум дундын эмнэлэг, Нийгмийн даатгалын тасаг, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хайрхан багийн холбогдох албан тушаалтнууд хамрагдсан байна.

Мөн нийт 127 жолоочоос хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн асуумж судалгаа авчээ.

Судалгаагаар тус бүс нутагт үүссэн тоос шороо, агаарын болон орчны бохирдлын улмаас ердийн нөхцөлд, хүн сайн дураараа хүлээн зөвшөөрөхөөргүй дорд буюу аюул эрсдэлтэй, тэвчишгүй нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг тогтоосон байна.

Мөн жолооч, тээвэрчид боомтын нэвтрүүлэх хүчин чадал, худалдан авагч талын шаардлагын улмаас хууль тогтоомжид заасан хязгаараас хэтэрсэн илүү цагаар, зохих завсарлага, амралтыг эдлэх боломжгүй нөхцөлд, тээврийн хэрэгсэл дотроо байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа нь ОУХБ-ын шалгуур үзүүлэлтээр албадан хөдөлмөрт өртөж, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг харуулжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, цаашид дээрх нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар холбогдох төрийн байгууллагууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатайг хамтарсан багийн гишүүд онцолсон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу