Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр (2024.10.14) Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр эрчим хүчний үнэ нэмэгдэхтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр “Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Дулаан, цахилгааны үнэ ч нэмэгдэнэ. Хэрэглээний халуун усны үнэ ч нэмэгдэх байх. Ойрын өдрүүдэд энэ талаар шийдвэр гарна. Эрчим хүчний зохицуулах хороо үүнийг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бие дааж шийдвэрлэдэг.

Одоо 1кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулаад түгээж байна. Хангах зардал нь нийлээд. Харин айл өрхүүдэд бид 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор цахилгаан эрчим хүчний үнэ 50 хувьдаа ч хүрэхгүй шахуу байна. Дулаан ч мөн адил. 90 мянган төгрөгөөр үйлдвэрлэчихээд, 35 мянгаар зарж байна.

Тиймээс эхний ээлжид энэ алдагдлаа яаж багасгах вэ гэдгийг ярьж байна. Өөрөөр хэлбэл, ашиг олох тухай биш. Хэрэв ашиг олно гэвэл үйлдвэрлэсэн үнээсээ давсан үнээр иргэдэд худалдах болно. Одоогоор тийм боломжгүй. Харин тодорхой хугацаанд нэмэгдүүлээд явсан тохиолдолд алсдаа боломжтой. 

Эрчим хүчний салбар энэ жил 270 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана. Өмнөх 2023 оны төгсгөл арванхоёрдугаар сарын 31-ний үлдэгдэл 279 тэрбум төгрөг буюу богино хугацаатай өр төлбөр бий.  Урт хугацаатай өр төлбөр 1.8 их наяд байна.

Тиймээс үнэ нэмэх шийдвэр гаргахаас өөр боломжгүй нөхцөл тулгараад байна” хэмээн ярилаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу