Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнөөдөр (2023.04.11) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр-Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа.

Тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний стратеги нь нийт 10 зорилго, 45 зорилт, 225 үйл ажиллагааг томьёолон тусгасан. 2023-2030 онд хэрэгжих тус хөтөлбөрийг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаатай нийцүүлж, мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн саналыг түлхүү тусгасан болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Тухайлбал, олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэхэд 8 зорилтыг, Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд 5 зорилтыг тодорхойлсон гэжээ. Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулахад 5 зорилтоор томьёолсон. Түүнчлэн, төсөв, худалдан авах ажиллагаанд авлигын эрсдэлийг бууруулж, хулгайлах, завших, үрэгдүүлэх боломжийг бүрэн хаана гэж 7 дугаар зорилгыг тодорхойлсон гэлээ.

“Хөтөлбөрийн төслийг Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг 40 гаруй хууль тогтоомж, олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах болон хөгжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмж, дотоодын авлига, эрсдэл, шударга байдлын үнэлгээний тайлангууд болон төрийн хууль сахиулах байгууллагуудын үнэлгээний тайлан, дүн шинжилгээ, зөвлөмжийг судалж боловсруулсан” хэмээн танилцуулгадаа дурджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу