Зөвшөөрөлгүй такси үйлчилгээнээс болж олон хүн хохирч байгаатай холбоотойгоор такси үйлчилгээг цэгцлэх хуулийн зохицуулалт хэрэгжихээр болсон. Тиймээс энэ аравдугаар сараас тусгай зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван саяар, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох юм.

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан билээ. Улмаар Зөрчлийн, Авто тээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон.

Эдгээр хуульд орсон өөрчлөлтийн дагуу өнөөдөр /2024.10.15/-өөс такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлж буй.

Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авна. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтой. Энэ мөнгө Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрөх юм.

Хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт илүүлэх ёстой. Улмаар ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгаж, түүнд нь үндэслэн нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм байна.

Ингэхдээ:

  • Такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон,
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй,
  • Такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай,
  • Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх,
  • Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн,
  • Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан,
  • Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй,
  • Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон,
  • Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх,
  • Жолооны зөв хүрдтэй байх гэсэн арван нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох юм байна.

Тиймээс аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүй таксигаар үйлчлүүлээд энэ талаар хэн нэгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд зөрчлийг хянан шалгаж эхэлнэ. Хэрэв жолооч зөвшөөрөлгүй байсан нь батлагдвал таван сая төгрөгөөр торгуулах аж.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу