Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцантай ярилцлаа.

-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдож ирсэн үеэс тань ярилцлагаа эхэлье. Анх ажлаа авахад нөхцөл байдал ямар байв? Ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Би урд нь суманд ажиллаж байгаад, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирлаар найман жил ажилласан. 2021 онд БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байгуулах шийдвэр гарсан. Жил гаруй хугацаанд ТУЗ-ийг байгуулж, 2022 оны арваннэгдүгээр сард албан ёсоор төвийн захирлын албыг авсан. Орлогч захирал хийж байсан учраас ажил авахад, энэ хүмүүстэйгээ хамтарч ажиллахад илүү дөхөм байсан. Манайхан өөрчлөлт рүү их хурдтай орсон гэж би боддог.

-Аливаа ажлыг хийхэд гар, сэтгэл нийлсэн хамт олон хамгийн чухал. Баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан уу? Эсвэл хуучин бүрэлдэхүүнтэйгээ ажилдаа ханцуй шамлан оров уу?

-Болохгүй байгаа асуудлуудаа шийдье, хийе гэсэн зорилгоор багаа шинэчилсэн. Хүний нөөцийн судалгаануудыг нэлээн сайн гаргасан. ТУЗ-д орохдоо БОЭТ-ийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө сарын хугацаанд сайн бэлдсэн. Өрсөлдөгч маань нэлээн “чанга” хүн байсан. Чанарын албаны дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч хийж байсан Болороо эмчтэй өрсөлдсөн. Дүгнэлт гаргаж, стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ажилласан. Гэнэт томилогдоогүй, бэлэн төлөвлөгөөтэй байсан учраас ажиллахад дөхөм байсан. Удирдлагын багийг ганцхан өдөр дуудаад, бүгдтэй нь уулзаж, асуудлуудаа шийдвэрлэсэн. Манай баг хурдтай ажиллаж эхэлсэн. Ид жагсаж яваа залуучууд орж ирж, үйл ажиллагаа нэлээн сайн жигдэрч эхэлсэн.

-Төвийн санхүү, эдийн засаг ямархуу байдалтай байв? Өр, авлагын харьцаа хол зөрүүтэй байв уу?

-Ажлаа авахад БОЭТ ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилттэй дөнгөж эхэлж байсан. Тэрбум 800 орчим сая төгрөгийн өртэй, нэлээн хүнд үед бид орж ирсэн. Сторийн, цахим түүхийн хасагдал гээд. Гүйцэтгэлээ хянаж чадахгүй, эхэлж байсан хүнд үе. Чанарын алба, гүйцэтгэлийн албаа тус тусад нь байгуулсан. Гүйцэтгэлийн алба байгуулснаараа ямар ч байсан 2022-2023 онд сайн хяналттай болж эхэлсэн. Жишээлбэл, бидний ярьдгаар, стори түүхийн, цахим, эмчийн хасагдал нэг тэрбум 500 орчим сая байсан. 2023 ондоо бид 500 сая дотор оруулж, эмч нарынхаа хийсэн ажлуудыг үр дүнтэй болгож чадсан. Намайг ажлаа авснаас хойш зургаан сарын дараа Эрүүл мэндийн сайд маань орон нутгаас сонгогдсон. Чинзориг гишүүн маань сайд болсон. Энэ хүний дэмээр ажил маань нэлээн урагштай явсан гэж боддог. Түүнээс хойш хоёр жил орчим болох гэж байна. Энэ хугацаанд бид тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлт хийж чадсан. Хэдийгээр өндөр өртэй байсан ч жижиг жижиг засвар, үйлчилгээгээ өөрсдийн ажилчдын хүчээр хийсэн.

-Танай хамт олон засвар үйлчилгээгээ хамгийн түрүүнд ямар тасгаас эхлүүлсэн бэ?

-Хамгийн эхэнд барьж авсан ажил бол яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг хоёрыг яалт ч үгүй засуулах шаардлага байсан. Мөн сэтгэцийн тасаг, мэдрэлийн тасаг, өдрийн эмчилгээ гэсэн таван хэсэгт 2022 ондоо засвар хийсэн. Гүйцэтгэлээр санхүүжүүлж байгаа учраас иргэнийг татах, төвөөр үйлчлүүлж буй иргэдийн тоог нэмэх гэх мэт зүйлүүд маш их шаардлагатай байсан, энэ хэмжээндээ ч бид нэмж чадсан. Мэдрэлийн тасаг 17 ортой маш сайн ажиллаж эхэлсэн. Сэтгэцийн тасаг 16 ортой. Тухайн үед үнэхээр хэрэгцээтэй байсан. Манай эмнэлэг дээр архины шалтгаантай, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг эмчлэх боломж маш муу байсан. Даруй сайжирсан. Ямар ч байсан архины шалтгаантай, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг эмчлэх бүрэн боломжтой, 16 ортой тасагтай болсон байна. Одоо манай хамгийн сайн ажиллаж байгаа тасгийн нэг болсон.

-Иргэд дотрын тасгаар их үйлчлүүлдэг болов уу. Энэ тасгаа та бүхэн хэрхэн тохижуулж, ая тухтай орчин бүрдүүлсэн бэ?

-1997 онд барьж байгуулсан дотрын тасгийг 2023 онд аймгийн Засаг даргын хөрөнгөөр, “Баянтээг” уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд 127 сая төгрөгөөр зассан. Одоо 40 ортой, иргэдийн сэтгэлд нийцсэн, сайхан хэсэг болж чадсан.

-Та түрүүн “Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн” гэж дурдсан. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-2022 онд манай байгууллага 10 гаруй жил болсон 16 зүслэгт компьютертэй, ихэнх нь ажиллахгүй хэцүү байсан. Чинзориг гишүүн маань сайд болчихсон байсан учраас компьютерийн асуудал маш хурдтай шийдэгдсэн. Бид 84 зүслэгтэй, компьютер томографын аппараттай болсон. Маш сайн ажиллаж, үр дүнгээ маш сайн өгч байна. Бид өнөөдөр өвчтөнөө хол явуулахгүй хэмжээнд оношилгоо, эмчилгээ хийх бүрэн боломжтой болсон. “Цогт наран” эмнэлэгтэй гэрээ байгуулаад ажиллаж байна. Улаанбаатар хотын “Бриллиант”, “Трампмэд”, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын чадавхийг ашиглаж, залуу эмч нараа сургах, хамтарч ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна. Тийм учраас манай эмч нар оношилгоогоо “Бриллиант”, Хавдрын эмнэлгийнхний адил уншиж, сайн оношилдог болж байна.

-Хүзүү, толгойн дижитал рентген, эхо, ангиографын аппаратууд суурилуулжээ. Ямар үр дүн гарч байна вэ?

-Тийм ээ. Мөн л сайдын, яамны хөрөнгөөр шийдсэн. Орчин үеийн эрүү нүүр, шүдний дэлгэмэл рентген аппарат тавигдсан, есдүгээр сарын 1-нээс эхлэн ашиглаж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн 9D эхо аппараттай болсон. Улаанбаатар хотод ч цөөхөн байдаг, шинэ аппаратыг өнгөрсөн долдугаар сараас хойш манай эмнэлэг ашиглаж байна. Манай Оюунбилэг эмч “Нүдтэй болсон юм шиг л байна” хэмээн хэлж байсан. Ийм өндөр хүчин чадалтай аппарат ажиллаж байна. Мэдрэлийн тасагт шинээр нойрны үеийн тархины цахилгаан бичлэг, сэрэнгэ үеийн тархины цахилгаан бичлэг, тархи судасны допплер зэрэг шинжилгээ хийж байна. Мөн тархины цахилгаан бичлэгийг хүүхдэд анх удаа хийдэг болж байна.

-Ангиографын аппарат суурилуулснаас хойш хэчнээн хүн орсон бэ?

-Дараагийн томоохон хийсэн ажлын нэг бол ангиограф. Ангиографтай болсноор бидэнд маш олон давуу тал бий болсон. Ангиографын хувьд таван бүсэд байдаг. Манай дээр суурилуулагдсанаас хойш 500 гаруй хүн орчихсон байна. Ашиглаж эхэлсэн цагаас хойш үйл ажиллагааг сайжруулахын тулд Нэгдүгээр эмнэлгийн зөвлөх эмч, Зүрх судасны эмч, ангионы эмчтэй хамтраад, өөрсдийнхөө эмчийг сургах зэргээр хамтарч ажиллаж байна. Жишээ дурьдахад, 2023 онд зүүн титмийн баганын артерын салааны хүнд нарийсалтай 6 өвчтөнд “kissing” аргаар бөглөрлийг гаргаж, эмчилгээ хийсэн. Энэ арга нь улсын хэмжээнд нарийн төвөгтэй эмчилгээний аргад тооцогддог, орох тоо цөөн байдаг.

-Улсын эмнэлгийн эмч нар Өвөрхангайд ирж ажиллаж байгаа юу? Танай төвийн эмч нар хэр туршлагажиж байна вэ?

-Манай хоёр зөвлөх эмч зайнаас, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Өмнө нь орон нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй гавьяат эмч нар маань ирээд, шавь нараа сургах чиглэлээр ажиллаж байсан бол сүүлийн үед жишээлбэл, Өлзийбаатар эмч үений тал дээр бидэнтэй маш их сайн хамтарч ажилласан. Ангио дээр Гуравдугаар эмнэлгийн Болдбат эмч маань мэдрэлийн ангиог нутагшуулах тал дээр ихээхэн ач холбогдол өгч, сайн дураараа ажиллаж өгсөн. Үүний үр дүнд манай Амбасэлмээ эмч тархины ямар ч ангиог орон нутагтаа бие даан хийж, өндөр сайшаалтай, хүмүүсийн талархлыг хүлээж байна. Баянхонгор, Говь-Алтай гэх мэт аймгийн иргэдийг ч эмчилж байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч Мөнхнасан эмч Зүрх, судасны ангиографын эмчээр сураад ирсэн. Энх-Амгалан эмчийг Гуравдугаар эмнэлэг дээр хоёр эмчийг нь дагалдуулаад, шавилан суралцуулж, долоо хоногтоо нэг удаа эргэх байдлаар зохицуулж байсан. Одоо манай эмч нар өөрсдөө бие даан эмчилгээ, оношилгоог аймагтаа хийж байна.

-Энэ чиглэлээр цаашдаа ямар бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монгол Улсын засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлого, Өвөрхангай аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн оношилгоо эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлууд манайд амжилттай хэрэгжин, үр дүн, үр нөлөөгөө өгч байна. Цаашид энэ байдлаа алдахгүй, эрүүл мэндийн яамнаас баримтлах бодлогын хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлнэ. Мөн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтраад, хэвлийн хөндийн хавдрын мэс заслууд, элэгний судас бөглөх эмчилгээ зэргийг хийхээр төлөвлөж байна.

-БОЭТ-ийн хувьд өнөөдөр ямар мэс засал нутагшсан гэж хэлэх вэ?

-Монгол Улсын Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өвдөг түнхний хиймэл үе солих мэс засал, гэмтлийн мэс заслууд, ангиографын оношилгоонууд хийж байна. 2020 онд Гэмтэл судлалын үндэсний төвийн эмч нар манай дээр ирж, зургаан сар ажилласан. Мөнхсайхан сайд Гэмтлийн эмнэлгийн дарга байхдаа зургаан сарын хугацаатай манай руу баг явуулж, анхны хамтарсан гэрээ байгуулаад ажиллаж байсан. Энэний ач холбогдол маш өндөр байдаг. Манай гэмтлийн тасаг эндээ ямар ч хагалгааг хийдэг чадамжтай болсон. Тэр дундаа өвдөг, түнхний үе солих хагалгаа манайд нутагшсан гэж хэлж болно. Чинзориг сайд байхдаа хоёр удаагийн тендер зарлалтаар өвдөг, түнхний хиймэл үе солих, бичил мэс заслын багажууд авч өгсөн. Одоо манай гэмтэл дээр дутагдах зүйл байхгүй.

-Нийт хэчнээн хүнд үений хагалгаа хийгээд байна вэ?

-Үений хагалгаа нутагшаад, 200 гаруй хүнд хийгээд байна. Дээр нь хүзүү, толгойн хавдрын эмч нарыг бэлтгэсэн. Бид Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Пүрэвдорж эмчтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулаад, хүнд хагалгаануудаа хамтарч хийдэг. Одоогийн байдлаар 100 гаруй хагалгаанд орсон байна. Тэгэхээр ХСҮТ дээр хийгддэг, хүзүү толгойн хавдрын хагалгаанууд манай дээр хийгдэж байна гэх мэтчилэн зүйлүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд давуу болгож чадсан. Бид амбулаторийн тусламж үйлчилгээг 2022, 2023 оныхоос 50 хувиар өсгөж чадсан.

-Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу