Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдөр (2024.10.15)-ийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байв.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ямар учраас ажлын хэсэг байгуулж байгаа тухай болон ажлын хэсэг ямар үр дүнд хүрэх талаар асууж тодруулав.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир шинээр баригдсан орон нутгийн сургуулиудын ариун цэврийн байгууламжийн зарим нь хөлдсөн, эвдэрч ажиллахгүй болсон тохиолдол байна. Цэвдэгтэй хөрстэй газар байгууламжийг барих асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өнгөрсөн хугацаанд баригдсан ариун цэврийн байгууламжийн тоо, өнөөдрийн байдлаар хэд нь ажиллаж байгаа талаар тодруулж, нэг байгууламжийн төсөвт өртгийн талаар лавлав.

Ажлын хэсгийн гишүүн, Боловсролын яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих зорилт дэвшүүлсэн.

Энэхүү төслийг 4 үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, эхний хоёр ээлжид 373 нүхэн жорлонг шинэчлэх, дараагийн хоёр ээлжинд бүх цэцэрлэг, сургуульд орчин үеийн ариун цэврийн байгууламж барихаар тусгасан.

Өнөөдрийн байдлаар 142 сумын 424 ариун цэврийн байгууламж ашиглалтад орсон. Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон 72 ариун цэврийн байгууламж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний 800 гаруй цэцэрлэг, сургууль, дотуур байрны 500 гаруй нь стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болсон.

НЭГ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ 180-200 САЯ ОРЧИМ ТӨГРӨГӨӨР БАРИГДАЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар 241 байгууламж баригдаж байна. Мөн 21 ариун цэврийн байгууламж барихаар тендер зарлаад байна. Ирэх 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрч, 2025 оны 06 дугаар сард ариун цэврийн бүх байгууламжийг бүрэн барьж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явна.

Бүс нутгийн онцлогоос шалтгаалан ариун цэврийн байгууламж барих өртөг янз бүр. Дунджаар 180-200 орчим сая төгрөгт нэг ариун цэврийн байгууламж баригдаж байна. Тус байгууламжийг засах, мэргэжлийн хүнийг бэлтгэх зэрэг ашиглалтын зардлын асуудал тулгарч байгаа учраас арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа гэсэн хариулт өгсөн” гэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих нь төрийн бодлогоор хэрэгжиж буй ажил учраас УИХ-аас хэрэгжилтийг шаардах, хянах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэгтэй ажлын хэсэг ажиллаж байсан.

Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор тухайн үед байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. Тиймээс ажлын хэсгийг дахин байгуулахаар хэлэлцэж байна” гэв.

Тус яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2024 оны 4 дүгээр сард эхний ээлжид ашиглалтад орсон 296 ариун цэврийн байгууламжийн ашиглалтын нөхцөл байдлыг судалсан. 35 ариун цэврийн байгууламж хөлдсөн учир засвар, үйлчилгээ хийсэн.

Ашиглалтын нөхцөл байдлыг сайжруулахын тулд орон нутаг бүрт нэг хүнийг сургаж, ажиллуулж байна. Цэвдэгтэй хөрстэй газарт зөөврийн усны машин авч өгөхөөр судалгаа хийгдэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Д.Рэгдэл, О.Саранчимэг нарын гишүүд саналаа хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

АЖЛЫН ХЭСГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ АХАЛНА

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, М.Сарнай, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат нар ажиллахаар болов.

Дараа нь Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Боловсролын сангаас зээл авсан хүмүүсийн 70 хувь мэдээлэлд ойр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий хүмүүс байсан гэх мэдээлэл бий.

Өнөөдөр хэчнээн хүн зээлээ төлөөгүй байна вэ, зээлийг ямар журам, шалгуураар олгож байгаа талаар асуув. Мөн багш, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд зээлийн багц олгох санал хэллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр болон тус яамны Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа нар гишүүдийн асуултад хариуллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын зээлийн сангаас зөвхөн шилдэг 50 сургуульд тэнцсэн хүнд зээл олгодоггүй, 29 төрлийн үйлчилгээг хамруулж байна. Тухайлбал, багшийн хүүхэд, өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тухайлан олгож байна. Мөн зөвхөн гадаадын сургуульд суралцагчдад бус дотоодын гурван төрлийн зээл багтаж байгаа.

Өнөөдөр гадаадын их сургуульд суралцсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг чухалчлан ярьж байна. Боловсролын зээлийн эргэн төлөлт сайжирч, 13 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байгаа. Ер нь зээлээс чөлөөлөх бодлогыг нарийвчлан авч үзэж, журам дүрмийнхээ дагуу хөнгөлөлт чөлөөлөлт олгох ёстой гэсэн бодлого барьж байна. Тиймээс УИХ-ын ажлын хэсэгтэй хамтраад, журмаа тодорхой болгох, шаардлагатай гэсэн хариулт өгсөн.

“2024 ОНЫ БАЙДЛААР ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ТӨЛӨГДСӨН”

Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа “1993 оноос хойш зээл авсан 13 мянган иргэний 14.1 тэрбум зээл төлөгдөөгүй байна. Үндэсний аудитын газрын актад дурдагдсан зээлээс 2024 оны байдлаар хоёр тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Гадаадад суралцагч 1427 суралцагчийн 220 тэрбум төгрөгийн зээл байна” гэв.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэн гадаад, дотоодын сургуулиудад суралцсан талаар асуусан.

“2023 онд 636, 2024 онд 668 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 1,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 2024 онд гадаадад зээлийн сангийн дэмжлэгтэйгээр хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг суралцуулах тушаал гарч, гэрээ хийн санхүүжилт олгогдоод явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1997 оноос санхүүжилт олгож эхэлсэн.

2024 онд зорилтот бүлгийн суралцагчдад буцалтгүй тусламж хэлбэрээр 12.8 тэрбум төгрөгийг 4218 хүүхдэд, 2025 оны төсөвт 17.5 тэрбум төгрөгийг 3667 суралцагчдад олгохоор санхүүжилтийг тусгасан. Энэхүү санхүүжилтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд хамрагддаг” гэж ажлын хэсгээс хариулав.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад суралцсан иргэдээс хэд нь эх орондоо эргэн ирж ажилласан тухай асуугаад эргэн төлөлтийн бодлогод анхаарах талаар санал хэлэв. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Боловсролын зээлийн сангаас зээл олгох шинэ журмыг боловсруулах хүлээлт байна.

2014 оноос зээлийг хууль бусаар тэглэж эхэлсэн. Хууль бус гэж үзсэн бүх тушаалыг хүчингүй болгох хэрэгтэй. Мөн аудитын дүгнэлтийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг ийнхүү хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГТЭЙ БАГШ, АЖИЛТНЫ НЭМЭГДЛИЙГ 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН ТООЦОЖ ОЛГОНО

Түүний дараа Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Тэрбээр Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн шалтгаан, багшийн мэргэжлийн зэрэг олгох журам хэзээ шинэчлэгдэн гарах тухай, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хуваан эдлүүлэх шийдвэр оновчтой эсэх, 2024-2025 оны хичээлийн жилд үүсэж буй багш, ажилтны хомсдолыг хэрхэн нөхөх, багш, ажилтнуудыг сэлгэн ажиллуулах хууль, эрх зүйн орчин бүрдсэн эсэх талаар асуулга тавьжээ.

Боловсролын сайд П.Наранбаатар асуулга тус бүрээр хариуллаа. Тухайлбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж заасан. Энэхүү хугацаанд нийцүүлэн хичээлийн жилийн бүтцийг баталсан.

Бүтцийн дагуу 4-6 долоо хоногийн амралтыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад өвлийн ид хүйтрэлт, томуу, томуу төст өвчний дэгдэлт зэрэг нөхцөл байдлыг харгалзан өөрчлөлт оруулсан. Энэ бол олон нийтийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэсэн шийдвэр. Харин ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, журмын төслийг боловсруулан санал авах ажил хийж байна.

Мэргэжлийн зэрэг шинээр олгосон багш, ажилтанд нэмэгдлийг дараа оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгоно гэсний дагуу 2024 онд холбогдох нэмэгдлийг олгож байна гэв.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хуваан эдлүүлэх шийдвэр оновчтой эсэх талаарх асуулгын хариуд, Хөдөлмөрийн тухай хуульд, ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно.

Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс доошгүй байна гэсэнд нийцэж байна гэсэн хариулт өгсөн. Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу