Украины эрх баригчид энэ долоо хоногийн эхээр “Эх орныхоо эзлэгдсэн хэсгээс сураггүй алга болсон сэтгүүлч Виктория Рощина өнгөрсөн сард Оросод хоригдож байгаад нас барсан” гэж мэдэгджээ.

27 настай Рощина өнгөрсөн оны наймдугаар сард Орост эзлэгдсэн Украины бүс нутагт сурвалжлага хийж яваад сураггүй алга болсон байна. Хайртай хүмүүс нь ч түүнд юу тохиолдсон талаар тодорхой мэдээлэлгүй байжээ.

Украины Ерөнхий прокурорын газраас Москва Рощинаг баривчлагдсанаас хэдэн сарын дараа буюу дөрөвдүгээр сард ОХУ-д саатуулсан талаар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.

Украины хүний ​​эрхийн комиссар Дмитрий Любинец “Оросын талаас хууль бусаар баривчилсан, Украины сэтгүүлч Виктория Рощина нас барсныг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг надад бий” гэж мэдэгджээ.

CNN Оросын эрх баригчдаас энэ талаар тайлбар авахыг хүссэн ч хариу ирүүлээгүй байна.

Рощинагийн хамтран ажиллагсад тэрбээр эзлэгдсэн хүмүүсийн амьдралыг сурвалжлахаар Оросын эзэмшилд байсан нутаг дэвсгэрт очсон бөгөөд Украины хувьд аюултай сорилт болсон гэж мэдэгджээ. Тэд залуу сэтгүүлч Оросын эрх баригчдын гарт амиа алдсан гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Украины сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд нийтэлсэн мэдэгдэлдээ “Түүний үхэл санаатай аллагын үр дүн, эсвэл Оросод олзлогдсон хугацаанд түүнтэй харгис хэрцгий харьцаж, улмаар хүчирхийллийн үр дагавар байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэжээ.

Украины хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдэгдэлдээ “Рощина бүтэн жилийн турш хоригдохоосоо өмнө эрүүл байсан” тэмдэглэсэн байна.

Roshchyna's colleagues gather at a memorial event in Kyiv, on October 11, 2024.

Украины Ерөнхий прокурорын газраас түүний үхлийг дайны гэмт хэрэг, санаатай аллага хэмээн үзэж, шалгаж байгаа талаар мэдэгджээ.

Украины хэвлэл мэдээллийн “Хромадске” сувгийн редактор асан, Рощинатай хамтран ажиллаж байсан сэтгүүлч Евгения Моторевская “Залуу сурвалжлагч ажлаа чадах чинээгээрээ хийхээр сэтгэл шулуудсан байсан” гэж хэлжээ.

Тэрээр “Хромадске”-гийн цахим хуудаст нийтэлсэн мэдэгдэлдээ Рощинагийн талаар “Түүний хувьд сэтгүүл зүйгээс илүү чухал зэвсэг байгаагүй. Вика үргэлж улс орны хувьд хамгийн чухал үйл явдлууд болдог газар ажилладаг байсан. Тэр энэ үйлсийнхээ төлөө олон жилийн турш идэвхийлэн ажиллах байсан ч оросууд түүнийг хөнөөсөн” гэж дурджээ.

Украины олзлогдогсдыг эмчлэх зохицуулах төвийн хэвлэлийн төлөөлөгч Петро Яценко мэдэгдэл хийхдээ Украины 25 орчим сэтгүүлч Оросод олзлогдон хоригдож байгаа бөгөөд хэд хэдэн сэтгүүлч сураггүй алга болсонд тооцогдож байгаа талаар мэдээлсэн байна.

Украины засгийн газар олон мянган украинчууд ОХУ-д хоригдож байна гэж мэдэгджээ. Киевийн хүний ​​эрхийн комиссар Любинец өнгөрсөн долдугаар сард Украины 14000 энгийн иргэн Оросод олзлогдсоноос зарим нь 2014 онд зүүн Украинд дайн эхэлж, Орос Крымийг өөртөө нэгтгэснээс хойш хоригдсон гэж мэдэгдсэн байна.

Яценко “Оросын эрх баригчдын мэдээлснээр, Рощина Оросын өмнөд хэсгийн Таганрог хотын цагдан хорих байраас Москва руу шилжүүлэх үед нас баржээ. Ялтан солилцох ажиллагааны хүрээнд түүнийг суллахаар бэлтгэж байсан. Харамсалтай нь, бидэнд хангалттай цаг байсангүй” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Украины хүний ​​эрхийн төлөөх хэвлэл мэдээллийн санаачлага байгууллагын төлөөлөгч Тетьяна Катрыченко Таганрог дахь хорих анги хоригдлуудтай хэрцгий харьцдагаараа алдартай гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Оросын эрх баригчид Украины хоригдлуудыг эрүүдэн шүүж байгаа талаар өмнө нь CNN мэдээлж байсан.

Катрыченко “ОХУ-ын Таганрог бол украинчуудын хувьд хамгийн харгис хэрцгий хорих газруудын нэг гэдгээрээ алдартай. Үүнийг дэлхий дээрх там гэж нэрлэдэг” гэж хэлээд, Рощинаг 2024 оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд тэнд хорьсон” гэж нэмж өгүүлжээ.

Рощина Олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сангаас 2022 оны сэтгүүлзүйн эр зоригийн шагнал хүртжээ. Түүний бүтээлүүд “Украинская правда”, “Хромадске”, “Чөлөөт Европ” зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг байсан аж.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу