Я.Содбаатар гэж МАН, Ерөнхийлөгчийн тамгын газар хоёрынхоо дунд тэлээ хурга шиг “майлсан” нэг хүнтэй боллоо. Уг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажил дундрашгүй их баймаар ч намдаа л сэтэр зүүхгүй бол бүтэн нойртой хонож чадахаа больж гэнэ дээ. Ерөнхийлөгчийн тамга атгасан ажлаасаа илүү МАН-даа санаа зовно гэдэг ясны “намчин”-ы хийх ажил мөн биз.

Ухамсарт амьдралынхаа дийлэнх хугацаанд нам даган гүйж амьдарсан хүний хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадагдана гэдэг хар дарсан зүүд шиг байж магадгүй. Ядаж байхад зургаан жил. Их хурлын гишүүн байхад их л олон хүний гуйлга түйлгэд дарагддаг байсан бол одоо ойр зуурхан одон медалийн гуйлгаас хэтрэхээсээ больчихоор улс төрд удсан хүнд уйтгартай байх нь аргагүй.

Я.Содбаатар Үйлдвэр худалдааны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, Шадар сайдаар ажиллаж байсан. Төрд ажиллаж болох бүх л шатанд тэр дэвшиж үзсэн. Сайдын суудал өнцөгдсөнийг эс тооцоход өөрийгөө улс төрд дээш нь явуулж ямба эдлүүлж, хамаарал бүхий хүмүүсийнхээ бизнесийг хангалттай босгоод ирчихсэн.

Түүнд одоо мөрөөдөж, санаашраад байх албан тушаал үлдээгүй байтал гэнэтхэн оны өмнө МАН-ын Орон тооны бус зөвлөхөөр томилогдон гараад ирдэг юм. Уг нь Я.Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох визээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардчихсан байсан юм л даа. Хоёр гуравхан хоногийн дараа намын Их хурлаараа түүнийг генсекээр томилох зурагтай байсан ч У.Хүрэлсүх, Я.Содбаатар нараас урьтаад Л.Оюун-Эрдэнэ хөдөлчихсөн. Нүүрсний хулгайтай холбоотой жагсаал цуглаанаас болж МАН-ын Их хурал хойшлогдож, Тусгаар тогтнолын ордон руу нүүхээр хамаг юмаа цаасан хайрцагт баглаад байсан Я.Содбаатар хайрцагнаас ойр зуурын зүйлсээ гаргасан юмдаг. Ер нь бол түүнийг генсек болгохгүй юм байна гэдгийг сүүлд нь мэдсэн. Тийм ч учраас ЕТГ-ын даргын ажлаа хийх гэсэн ч сэтгэл нь МАН-аас явж чадахгүй байсан тул аргагүйн эрхэнд Орон тооны бус зөвлөх болж санаагаа амраасан.

Нэг талдаа Я.Содбаатарын хүсэл мэт боловч нөгөө талд нь нам доторх мэдээлэл, бүх зүйлсээс холдчих гээд байсан У.Хүрэлсүхийн шийдвэр байсан гэхэд болно. Одоо бол нам, төрийн ажлыг хослуулсан албан тушаалтай додьгор “амьтан” сууж байгаа харагдах юм. Өмнө нь ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир, З.Энхболд, П.Цагаан, Ц.Баярсайхан нараас эхлээд бүгд л өмнөх ажлаа хийж байснаас намын ажилд хутгалдаж байсангүй. Хэн нь ч сэнтэглэж намын Орон тооны бус зөвлөх болж намын ажилтай төрийн ажлаа хольж, сольж байгаагүй юм.

Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй юм даа, Содоо даргаа.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу