Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Сургуулийн босго алхсан зургаан настнууд эхний өдрөө учраа олохгүй аав, ээжийнхээ араас дагаж уйлж байсан бол одоо харьцангуй биеэ даадаг болсон байна. Нэгдүгээр ангийн цагаан толгойн бэлтгэл үеийн 60 цагийн хичээл дуусаж, үсгээ үзэж эхэлжээ. Эцэг эх, хүүхдийн хичээлийн ачаалал ихсэж буй энэ үед хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэх болон хичээл хийх сонирхлыг нь хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн 1г ангийн багш Ц.Сэлэнгийн зөвлөгөөг хүргэж байна. Түүний хувьд мэргэжлээрээ 16 жил ажиллаж буй туршлагатай багш юм. 

Тэрбээр Нэгдүгээр ангийн хичээлийн хөтөлбөрийн дагуу цагаан толгойн бэлтгэл үе дуусаад, үсгээ үзэж эхэлсэн. Манай ангийн тухайд одоо “Э” үсэг үзэж байна. 

Эцэг эхчүүд хүүхдийнхээ багштай маш сайн харилцаж, багшаас гэрийн даалгавар хийлгэх зөвлөмж авч, тэр дагуу хүүхдээ залхаагүйгээр хичээлийг нь хийлгэх хэрэгтэй. 

Зарим ээж, аавууд хүүхдээ сайн сургах гэж хэт мэрийгээд нэмэлтээр хичээл хийлгэдэг. Байнга хийлгээд, хатуу шаардлага тавиад байвал хүүхэд залхаж, хичээлдээ дургүй болох эрсдэлтэй. Тиймээс яг л сургалтын хөтөлбөрийн дагуу, өөрт нь тохирсон ачаалал өгч, хичээлийг нь хийлгээд явах нь зөв.

Харин хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. 

Нэгдүгээрт, Зургаан настай хүүхдийн анхаарал төвлөрөлт таван минут орчим л байдаг. Маш бага хугацаанд төвлөрдөг гэсэн үг. Тиймээс багшийн өгсөн 20 минутын даалгаврыг нэг дор бүгдийг нь хийлгэхгүйгээр, таван минут болгоод гарын булчинг нь амраах дасгал хийлгэж, түр завсарлаж байх нь үр дүнтэй.

Хоёрдугаарт, Хүүхдэдээ яагаад сургуульд сурах ёстойг ойлгуулах хэрэгтэй. Үүнийг ухамсарласан хүүхэд хичээлд дургүйлхэхээ больж, өөрийн санаачилгаар хичээж эхэлнэ.

Гуравдугаарт, Хүүхдээ загнах, урамшуулах хоёрыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Эхний ээлжид бага ч гэсэн хийсэн зүйл дээр нь урамшуулаад, “Одоо жаахан мэрийчихвэл миний хүү боллоо” гэх байдлаар эвээр хийлгэх нь зөв. Гэхдээ дандаа тал засаад байж бас болохгүй.

Дөрөвдүгээрт, Бэлтгэл хөтөлбөрт бага хамрагдсанаас болоод бичих чадвар султай, гар нь зүгшрээгүй хүүхдүүд даалгавар хийхдээ төвөгшөөдөг. Тийм учраас дандаа бичих даалгавар өгөхөөс илүү нийгэмшихүйн талаар буюу аягаа угааж сурах, цамцаа товчилж сурах, үдээсээ үдэж сурах гэх мэт өөрт нь хэрэгтэй зүйлийг хийлгэх хэрэгтэй. Ийм ажлыг хүүхдүүд маш их сонирхож, гүйцэтгэдэг” хэмээн хэллээ. 

Энэ жилийн зургаан настнуудыг ажиглахад хэл ярианы хөгжил муу байгаа ажээ.

Энэ талаар Ц.Сэлэнгэ багш “Ээж, аавууд хүүхдээ хэт эрхлүүлж, дураар нь гар утас, зурагт үзүүлэх зэргээр дэлгэцийн хамааралтай болгочихсон байна. Энэ нь алдаа болоод байна.

Мэдээж хүүхдээ эрхлүүлдэггүй хүн гэж байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд ойлголцож, ярилцаж, хүний яриаг ойлгодог түвшинд хүргэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Хүүхдээ чимээгүй байлгах гээд багаас нь утсаа өгчихдөг. Ганцаараа утас оролдож, зурагт үзээд сууж байдгаас болоод хүүхэдтэйгээ ярилцах хугацаа нь багасна. Ингээд хүүхдийн хэл яриа хөгжихгүй байгаа юм. Мөн “Youtube”-ийн англи хэлээр хоорондоо ярьдаг хүүхдүүд олон байна. 

Тийм учраас цаг гаргаж, хүүхдүүдтэйгээ ярилцаж байхыг эцэг, эхчүүдэд уриалъя” гэсэн юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу