Өвлийн улирал хаяанд ирэхэд улаанбаатарчуудын санаа зовнидог асуудлуудын нэг бол дулаан зогсоол байдаг. Айл бүр хувийн унаатай болсон энэ цаг үед өвлийн улирлыг хэн бүхэн л дулаан давахыг эрмэлзэнэ. Гэвч дулаан зогсоолын хүртээмж бага, сарын түрээсийн үнэ хэтийдсэн гэхэд болох юм.

Хот байгуулалтын тухай хуульд “Төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасан байдаг ч нийслэлийн зарим орон сууцны хороололд авто зогсоол хангалтгүй байна. Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа норм стандартын дагуу 100 айлтай орон сууцанд 50 дулаан зогсоол, 25 гадна зогсоол байх ёстойг мэргэжилтнүүд хэлдэг. Харин Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр нэг өрхөд дунджаар 1.5 машин ногдож байгаа юм.

Газар доорх авто зогсоолын төслийг үе үеийн хотын удирдлагууд гаргадаг ч харамсалтай нь ажил хэрэг болдоггүй. Жишээлбэл, 2017 онд хотын дарга С.Батболд ахлуулсан албан хаагчид СХД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны нэгдүгээр байрны зүүн талд 400 автомашины дулаан зогсоол барих төслийн зураг төсөл бэлэн болсон гэж мэдээлж байв. Удахгүй гүйцэтгэгчээ шалгаруулна гэж байсан боловч хэрэгжээгүй юм.

Мөн Д.Сумъяабазар хотын дарга байх үедээ Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд ногоон байгууламжтай тохижилт бүхий газар доорх 1-3 давхар зогсоол барьж байгуулахаар төлөвлөж байв. Мөн III, IV хорооллын худалдааны төв орчим, Хүүхдийн 100 орчимд авто зогсоолын менежмент хийх санал дэвшүүлж байжээ. Эдгээр төсөл, арга хэмжээнүүд мөн л замхарсан.

Энэ мэт төсөл, арга хэмжээнүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлдэггүй, цаасан дээр үлддэг жишиг тогтсоны үр дүнд замбараагүй хот бий болж, иргэдийн амар тайван байдал алдагдаж, нийгэмд стресс бий болж байна.

Дулаан зогсоолын түрээсийн үнэ байрлалаасаа хамаараад сарын 200-600 мянган төгрөгийн хооронд байна. Харин худалдаалах үнэ 20-98 сая төгрөг байгаа юм.

Хэд хэдэн дулаан зогсоолын сарын түрээс үнийг “Үнэгүй.мн” зарын сайтаас харахад Модны хоёрын голын замд байрлалтай 280 мянган төгрөг бол Тэнгис кино театрын ард 450 мянган төгрөг, Зайсангийн эцэст 600 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин дулаан зогсоол худалдаалах үнэ 100 айл орчимд 20 сая төгрөг, Төмөр замд 30 сая төгрөг, Олимп хотхонд 50 сая төгрөг, Зайсанд 60 сая төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу