Хаврын энэ л өдрүүдэд таны оюуны мэлмийд эдгээр шүлгүүдийг хүргэж байна. Уйтгарлаж, гэгэлзэж, хайрлаж, инээмсэглэж, догдолж унших шүлгүүд юм шүү.

Х.Чилаажав

Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа
Хөшигтэй цэнхэр Алтай нутагт минь
Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа

Алсын уулсыг ноолсон буурал салхитай
Аргаа барсан аятай цагаан өвстэй
Хургаа дагуулсан хонины ядарсан дуутай
Хуурай саарал хавар болж байгаа.

Хайртай аав минь амьд сэрүүн байхад
Хаврын өдрүүд өнгөтэй санагддаг байлаа
Төлийн дуу цээжин дотор эгшиглэж
Төрсөн гэр минь нүдэн дотор налайж

Хаврын тухай өөдрөг сайхан зурагтай
Харьж очих гэж яаран суудаг байлаа
Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа.

2002

Я.Баяраа

Зэврүүн зэврүүн л гэнэ, хавар л бол хавар л даа

Зэрэгцэж зогсоод ургах нарыг угтахад
Зээлийн маань тэндэх эл хульхан булангаас
Дэврүүн бага нас минь гүйгээд ирэх юм шиг
Амар алдуулсан гэнэн бодол гэнэтэд төрж
Ахин нэг удаа цагийн хурдад санааширна.

“Нар манддаг нь хичнээн сайхан бэ?” гэж шивнээд
Найдах, итгэх бүхнээ сэтгэлийн угтаа тэмтэрнэ
Тийм ээ, нар ийнхүү дахин ахин мандсаар буй нь
Надад өгүүлшгүй баярыг төрүүлж байна.

Хайлан урсах цасны чимээ бие сэтгэлийг нэвтэлж
Хаа нэг тийш нисэн одохдоо үүнийг улам дэвэргэсэн байна
Барьцгүй тунгалаг мэдрэмжээ дагаад хийсчихэлгүй
Барьж өөртөө үлдээтэл гарыг минь тэр тавьсангүй

Зэврүүн зэврүүн л гэнэ хавар л бол хавар л даа
Зэрлэг байгалийн өмнө хайраас бусад нь хүчгүй л дээ.

Ц.Хулан

ХАВРЫН ДУУ

Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй

Ийм л хаврын ногоо хөлийн доор ургахгүй

Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй

Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй

Хайрлах юм бол намайг одоо л хайрла

Хар үсний минь долгионд хөл алдаж

Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж

Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогс

Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг

Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг

Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг

Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг

 

Г.Аюурзана

ХАВРЫН ТОГОРУУД

Зүүн уулын цаанаас шидсэн эрих мэт тогорууд

Зүйрлэшгүй уран дүрс үүсгэн тэнгэрээр нисэлдэв

Шунгинагч салхинаа намилзагч эрихний тэр л хэлхээн дундаас

Шувууны хэлээр хэн нэгэн мэндийг минь асуучихаад тэртээ баруун зүгт одов.

Хүлээгээч! Надад ч бас эрихний эзнээс,

Хөх мөнхийн чинад суугчаас асуух зүйл байна!

Ай, тогорууд та нар хэн юм бэ?

Ийм хоосон тэнгэрт хэрхэн тогтоцгооно вэ?

Ингэхэд би хэн юм бэ?

Амьдрал хэмээх бас л хоосон, хүйтэн тоглоомын утга юу вэ?

Салхи сөрөн бүдгэрэх ер бус амьд эрихний

Сампин бүрээс хувь далавчны давтагдашгүй чимээ л…

Өөр өөр тавиланг нэгэн утсаар хэлхээд тэнгэрт жагсаасан

Үл үзэгдэгчийн араас ширтэхүйд, хөхөрсөн нүд минь бүрэлзэв ээ.

О.Элбэгтөгс

ХАВАР

Эмээ зүүдлэх шиг их урт өвөл өнгөрөөд

Элсэн цагаа эргүүлэхэд хавар авхай эхлээд

Сүүлчийн цасан дээр жадлагдсан цэрэг шиг унахад

Сүмийн хаалган дээр жаргалтай өтгөс цугларна

Хүлээж цөхөрсөн бор шувуу цаг хугацаанд талархаж

Хатуу дарс балгаж цагдаа нарт баригдаад

Эрүүлжүүлэхийн хаалгаар дуу аялан орохдоо

Эрх чөлөө мандтугай! хэмээн хашхирах хавар цаг

Цонхыг минь уйлуулж, цасыг минь хайлуулчихаад

Хаашаа ч юм бэ одчихдог урин цаг

Ургацыг минь соёолуулчихаад урван оддог хавар цаг

Ц.Дэлгэрмаа

Хуанлийн хуудас гуравдугаар сар дээр иржээ

Хуруугаараа тэр тоонуудыг тэмтэрвэл

ХАВАР гэж уншигдана

Дэлгээтэй салхивчаар шувуудын дуу нэвтэрч

Дэвтэр дээр минь бууж шингэнэ

Тунгалагхан, сэрүүхэн ийм өглөө тэнгэрийг ширтэхэд

Туулах ирээдүй минь тийм л

Цэлмэг байх мэт санагдана

Болжморын дууг жинхэнэ амьдралын дуу гэж төсөөлмөгц л

Бор өдрүүд тэр чигтээ гэрэлтээд явчих шиг ээ

Х.Нямхишиг

ТАВДУГААР САРЫН БАДАГС

1.

Тагзны минь дээврийг

салхи аваад хаячихлаа.

Тавдугаар сарын чийглэг улаан гар

цамцны товч тайлж,

цаагуур нь уруудлаа…

Малгай шиг хийссэн дээврээ би

маргааш ѳглѳѳ эргүүлж тавьчихаад

хүйтэн ус залгилна.

Энгийн нэг учрал шиг тавдугаар сар

эхүүн үнэрээс ѳѳр гойд зүйлгүй ээ.

2.

Уйланхай үүлс үхэтхийн унаж,

инээсээр элэг нь хѳшдѳг цэцэгс болжээ.

Урьд насаа үгүйсгэхийн тулд

урт хуруугаараа

хурц шүдээ атган

салхитай тэмцэлдэж

инээд, нулимс хоёроо тэнцүүлэв, би.

Уналгүй үлдсэн цѳѳвтѳр үүлс

ухаан суусан шинжтэй,

хуурай нүдтэй…

3.

Унасан, хѳтѳлсѳн, туусан морьд нь эцчихсэн

Улаан тэрлэг нь цагаан болтлоо гандчихсан

Тийм нэгэн адууны хулгайч эр

Тиг мэт хуулийг тасар татаж явсан

Залуу насаа дурсмуй.

Хоног тѳѳрүүлэхээр шонгоос уясан морь нь

Хомоолгүй, шинэ үсгүй, нуухтсан нүдтэй.

Холтос мэрэх чимээнд нь хулгайч эрийн

Хомхой сэтгэл дарагдмуй.

“Ай хѳѳрхий, ай хѳѳрхий..,”

Ардын дууны тѳгсгѳлийн цохилго шиг

Тавдугаар сар!

4.

Хаа холоос аз жаргал хайж ирсэн

Харшинги тогорууд халуун чулуу тоншино.

Халбаган чинээ жаахан хонхор олвол

Хараачилж, хэвлийн дотогш чагнаархана.

Нэг л их сайхан зүйл дѳхсѳѳр буй мэт ч

Нээрэн тэр сайхан зүйл бѳхсѳѳр буй юм.

Нэлээд хаврын салхинаа бясалгасан тул

Нэхмэл хээтэй зуны ѳнгѳнд дургүй ээ.

5.

Элээнүүд царцсан нүд,

гүүний ихэс,

ѳнчин хургыг

эрж, харж, барьж идэхийн хүслээр

жигүүрээ хѳвчлѳнѳ.

Нүдний хорноос нуугдаж,

шѳнѳѳр нахиалах

нүцгэн мѳчирс бол гоо сайхан…

Элээнүүд эзэмдэхийн тулд сарвуутай.

Эвэршсэн сарвуу нь

гижигдэхийн тулд байсан бол,

ээ дээ, мѳчир бүхэн гандахгүй сэн.

Энэ мэт чийглэг улаан гартай

Тавдугаар сар!

 

Г.Оргилболд

Байгуулсан гавьяагүй олон хоногийн ялгуусан тулаанд

Баатарлагаар тулалдсан ч тугаа буулгасан цэрэг эрс

Амьдралыг яаж ингэж хөсөр орхиж, эцэст нь хайрлах

Ариун тунгалаг зүрх сэтгэлтэй үлдэж чадав аа.

Дуулж явсан гудамжны булангаас эгшиг даруухан дурсамж

Туйлдаж ядарсан харцаар эгц ширтээд өнгөрсөнд одно

Гань гансралын уй татсан хотын замаар гараас минь хөтлөх

Горь итгэл тээсэн цэнхэр хүрэмтэй хавар дахиад л ирэв

Уран зураг шиг хотын байгаль, Шүрээгийн аалинд татагдсан

Улиасны мөчрөөс өлгөөтэй өдөр хоногууд нахиалж байна.

Ялсан гавьяагүй ч ялагдсан цөхрөлгүй их тулааны талбарт

Яргуй нүдэлсэн хавар ирж байна. Тугаа өргө!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу