УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.10.17) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Монголбанк Америкийн зээлийн онооны систем авсан тухай мэдээлэл гарч байсан. Уг нь энэ их чухал байгаа юм. Иргэн, аж ахуй нэгжүүдэд оноо бий болгоно. СӨХ-ны мөнгө, кредит картын төлбөр, зээлээ төлдөггүй, банктай харилцсан зээл санхүүгийн сахилга батыг сахидаггүйд нь бага оноо өгдөг.

Цаг тухай бүрт нь төлдөгт нь сайн өндөр оноо өгнө. Улмаар өндөр оноотой иргэдэд бага барьцаатай, бага хүүтэй зээл олгоно. Муу оноотой нь эрсдэлтэй учраас барьцаа өндөртэй байдаг жишиг рүү шилжих хэрэгтэй. 

Санхүүгийн сахилга бат сайтай иргэн, аж ахуй нэгжүүдэд урамшуудад олгоод явбал хаа хаанаа ашигтай. 

Иргэн, аж ахуй нэгжийн хувийн санхүүгийн хариуцлагын онооны системийг хийхэд бид яаж оролцох вэ. 

Монголбанкны Ерөнхийлөгч өөрийнхөө эрхийн хэмжээнд журам гаргаж болох уу” хэмээн асуулаа. 

Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд “Сайн скор”, “Бүрэн скор” гэх хоёр компани зээлийн мэдээллийн санг хариуцах болсон. Тэд энэ санг шинэчлэн, иргэн, аж ахуй нэгж бүрт зээлийн оноо олгож эхэлсэн. Банкууд, ББСБ-ууд зээл олгохдоо энэ санг ашигладаг.  

Энэ хоёр компанийн нэг нь Америкийн зээлийн оноо өгөх системийг сарын өмнө нэвтрүүлсэн. Ингэснээр усны, цахилгааны гэх мэт бүх төлбөр тооцоог иргэн хэзээ төлснийг бүртгэн, оноожуулна. Дээд тал нь 600 хүртэлх оноо өгч эхэлнэ.

Бусад орнуудын жишгээр, хамгийн өндөр оноотой нь хамгийн хөнгөлөлттэй сайн нөхцөлтэй зээлийг авна. 300 буюу хамгийн муу оноотой, санхүүгийн сахилга батгүй иргэний хилээр гарах эрхийг хязгаарладаг болно” гэв.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу