Японы шинэ Ерөнхий сайд Шигэрү Ишиба Хойд Солонгосын тагнуулынханд хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Ишиба хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзах үеэрээ “Хоёр орны удирдагчид том дүр зургаар харж, бие биедээ байр сууриа илэн далангүй илэрхийлэх нь маш чухал юм” гэж хэлснийг “Kyodo” агентлаг уламжилсан байна. Тэрбээр өмнө нь парламентад анхны илтгэлээ тавихдаа Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаа талаараа дурдаагүй аж.

БНАСАУ-ын тагнуулын албаныхны хувьд япончуудыг хулгайлсан тухай сэдэв албан ёсны дипломат харилцаагүй хоёр улсын харилцааны хамгийн эмзэг сэдэв юм. 2002 онд Пёньян анх удаа Японы 13 иргэнийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, 5-ыг нь эх оронд нь буцахыг зөвшөөрч, үлдсэн хүмүүсийг нас барсан хмээн зарлаж, шарилыг нь төрөл төрөгсөд рүү нь илгээсэн гэх бөгөөд үнэн эсэхийг нь батлах боломжгүй байдаг аж.

Япон, Хойд Солонгосын Засгийн газар 2014 оны тавдугаар сард, Японы иргэдийг хулгайлсан хэргийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулахаар тохиролцсон ч Пёньяны санаачилгаар комиссыг татан буулгажээ.

БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд “Пёньян Токиотой аливаа хэлэлцээр хийхээс татгалзаж байна” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр тухайн үед “Хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар Токиогийн байр суурьтай холбоотойгоор Пёньян, Ким Жон Ун ч Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай уулзах сонирхолгүй байна” гэж онцлон тэмдэглэж байжээ.

Ким Ё Жон мөн хулгайлагдсан япон иргэдийн асуудал шийдэгдсэн гэсэн Пёньяны байр суурьтай Токио санал нийлэхгүй байна” гэж дүгнэж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу