Владимир Зеленский мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулсны дараа Германы канцлер Олаф Шольц “Украины асуудлаарх Германы байр суурь, шийдвэр огтхон ч өөрчлөгдөхгүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохдоо “Та бүхэн энд яригдаж буй асуудлаарх Германы байр суурийг мэдэж байгаа. Юу ч өөрчлөгдөхгүй” гэж хэлсэн байна.

Канцлер “Гэхдээ бид эв санааны нэгдэлтэй байж, сайтар ярилцах нь хамгийн чухал гэдгийг би маш тодорхой хэлмээр байна. Украин өөрийгөө хамгаалах арга хэрэгслээр хангахад л гол анхаарлаа хандуулж байна” гэж нэмж хэлжээ.

Шольц “Хэлэлцэх ёстой стратегийн асуудал бий. Та бүхэн миний гаргасан шийдвэрийг мэдэж байгаа байх. Тэдгээрээс юу ч өөрчлөгдөхгүй” хэмээн батлан хэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дээд Радад үг хэлэхдээ “ялалтын төлөвлөгөө”-гөө танилцуулжээ. Өнөөдрийг хүртэл тус төлөвлөгөөг олон нийтэд  албан ёсоор танилцуулаагүй байв.

Тэрбээр эхэнд нь “Путин бусад бүх хүний хувьд дүлий, гэхдээ украинчууд Орос улсыг энх тайвныг тогтоохоос өөр аргагүйд хүргэхийн тулд нөхцөл байдлыг өөрчлөх ёстой. Оросын тулган шаардалтууд бүгдээрээ утга учиргүй бөгөөд төлөвлөгөө хэрэгжвэл ирэх жил дайн дуусаж магадгүй” гэжээ.

В.Зеленскийн “ялалтын төлөвлөгөө” таван заалт, гурван нууц хавсралттай аж. Эхний заалт нь геополитикийн агуулгатай. Тодруулбал, Украин улсыг “яг одоо” НАТО-д урих тухай юм байна.

Хоёр дахь заалтад Оросын нутаг дэвсгэрт ажиллагаагаа үргэлжлүүлэх, Оросын нутагт цохилт өгөх хязгаарлалтыг цуцлах, Оросын нисэх онгоцуудыг түншүүдтэйгээ хамтран устгах, нисгэгчгүй онгоц, пуужингуудыг хэрэглэх цар хүрээг өргөжүүлэх, холбоотон орнуудын тагнуулын мэдээлэлд нэвтрэх тухай агуулгатай бөгөөд нууц хавсралттай аж.

Зеленский энэхүү заалтаа “Оросуудад дайн гэж юу болохыг ойлгуулж, үзэн ядалтыг Кремлийн зүгт эргүүлэхийн тулд Оросын иргэдэд дайныг дахин мэдрүүлэх явдал юм” гэж тодорхойлжээ.

Гурав дахь заалт нь тогтоон барих хүчтэй холбоотой аж. Украин улс өөрийн нутаг дэвсгэрт Оросоос ирэх цэргийн аливаа аюулаас хангалттай хэмжээнд хамгаалах цөмийн бус стратегийн зэвсэг байрлуулахыг санал болгож буй. Энэ заалт АНУ, Их Британийн эрх баригчдад өгсөн нууц хавсралттай аж.

“РБК-Украин” цахим хуудаст “Франц, Итали, Герман улсуудын эрх баригчдад хэдийнэ өгсөн” гэж мэдээлжээ.

Дөрөвдүгээр заалт нь Украины эдийн засгийн нөөц боломжийг хөгжүүлэх, хориг арга хэмжээг чангатгах тухай бөгөөд нууц хавсралтыг АНУ, Европын Холбоонд өгч байгаа аж.

Тавдугаар заалтыг дайны дараах үеийг тооцож боловсруулжээ. В.Зеленский энэ талаар “Украины зэвсэгт хүчин НАТО болон Европын батлан хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд туршлагаа ашиглах боломжтой. Украины цэргүүд Европын орнуудад байрлаж буй Америкийн цэргийн хүчний анги нэгтгэлтэй ээлж солилцох боломжтой” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “Орос улс Украинд тавих хяналтаа үүрд алдах ёстой, түүгээр ч барахгүй ийм хяналт тавих хүсэлгүй болох ёстой. Энэ бол украинчуудын хувьд амьдралын, Европын хувьд энх тайвны баталгаа юм.

Энэ бүхэнд хүрэхийн тулд би та бүхнийг Украины төлөө, Украин дахь эв нэгдлийн төлөө түншүүдтэйгээ хамтран ажиллахыг, түншүүдээ итгүүлж үнэмшүүлэхийн тулд цөхрөлтгүй ажилладаг байхыг хүсэж байна” гэж мэдэгджээ.

Уг төлөвлөгөөг Дээд Радад танилцуулах үеэр Ерөнхий сайд Денис Шмыгаль, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, Аюулгүй байдлын газрын дарга Василий Малюк, Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов нар байлцсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Зеленскийн төлөвлөгөөг “Нэг өдрийн настай” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу