“2024-2025 оны өвөл, хаварт бэлэн үү” мал аж ахуйн өвлийн бэлтгэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр (2024.10.17) “Пума империал” зочид буудлын хурлын танхимд боллоо. 

ЗУДААС БОЛЖ МАЛЧИН ӨРХИЙН ХҮҮХДИЙН СУРАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Намрын налгар өдрүүд цаашилж, өвлийн жиндүү өдрүүд ойртсоор. Дөрвөн улирлын дунд дураараа нүүж нутагладаг манай малчид сүүлийн жилүүдэд өвөл, хавартаа уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж, ихээхэн зүдэрч буй.

Өнгөрсөн жилийн өвөл, хавар л гэхэд зүүн аймгуудаар зуд болж, зарим малчин хотоо харлуулталаа малаа үхүүлсэн гашуун сургамж бий. Иймд өвөл, хаврын бэлтгэлээ эртнээс базаах зорилгоор салбар бүрийн мэргэжилтнүүд цуглаж, ирэх өвлийг хэрхэн өнтэй давж, малын гарзгүй хавартай золгох талаар ярилцлаа.

Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” өвөлжилтийн бэлтгэлээр нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

No description available.

ЦААШДАА Ч ЦАГ УУРЫН ЭРС ТЭС БАЙДАЛТАЙ НҮҮР ТУЛЖ, БАЙГАЛИЙН ГАМШИГ ТОХИОЛДОХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан уулзалтыг нээж, цахимаар мэндчилгээ хүргэв.

Тэрбээр “ЮНЕСКО-ийн хувьд боловсролын хүртээмж, тогтвортой байдлыг үргэлж дэмжин ажиллах болно. Монгол орны хувьд цас зудын гамшиг нь боловсролын хүртээмжийг доголдуулж, хүүхдийн тасралтгүй сурах эрхийг зөрчиж байна. Цаашдаа ч цаг уурын эрс тэс байдалтай нүүр тулж, байгалийн гамшиг тохиолдох эрсдэл өндөр байна.

Ийм нөхцөл дахин үүсэхэд ирээдүй хойчийнхоо боловсролд анхаарч тасралтгүй суралцах, бэрхшээлийг давахад туслах шаардлагатай байна. Хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх, боловсрол эзэмшүүлэх гэдэг хамгийн чухал асуудал. Тиймээс өнөөдрөөс цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байх талаар бэлтгэх хэрэгтэй” хэмээсэн юм.

ОЛОН ЖИЛИЙН БАЙГАЛИЙН ГАМШИГ, СУРГАМЖ БИДЭНД БЭЛЭН БАЙДЛАА САЙЖРУУЛАХЫГ САНУУЛЛАА

No description available.Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр илтгэл тавилаа. Б.Ууганбаяр “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр зам туулж, даваанд зам гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургуульдаа очих, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн юм.

Бидэнд зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Жишээлбэл, 1999-2002 онд малчдын сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэн зудад 13 аймгийн 157 сум өртөж, 3,5 сая мал хорогдсон. 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал хорогдсон байдаг.

2001-2002 оны зудад долоон аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон дүн мэдээ бий. 2009-2010 онд мөн л зуд болж улсын хэмжээнд 9,7 сая толгой мал хорогдож, нийт 526 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан.

Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнөтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар л гэхэд 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Манай онцгой байдлын алба хаагчид эрвийх дэрвийхээрээ ажилласан.

Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс нийт 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна. Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх зэрэгт анхаармаар байна.

Хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч гэсэн хаа хаанаа анхаарах хэрэгтэй байа. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байжээ гэсэн судалгаа гарсан. Сумын засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай байна” хэмээн ярилаа.

“НИЙТ 150 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ БОСГОЖ, 26 МЯНГАН ХҮҮХДИЙГ СУРГАЛТЫН БАГЦААР ХАНГАСАН”

No description available.Мөн энэхүү уулзалтад ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Боловсролын зөвлөх Шахидул Ислам оролцож, илтгэл тавьсан юм. Ноён Шахидул Ислам хэлэхдээ “Байгалийн гамшгийн үед боловсролын хүртээмжийг сайжруулахад салбарын яам хийгээд мэргэжлийн байгууллага ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

Миний хувьд ЮНЕСКО-ийн Онцгой байдлын үед боловсролын талаар авч хэрэгжүүлэх удирдамжийг орчуулан гаргаж баримтлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Онцгой байдлын үед сэтгэлзүйн сургагч багш нарыг бэлтгэн ажиллуулах, боловсролын ажилтнуудыг чадавхижуулах шаардлага гарч буйг анхаарах нь зүйтэй” гэлээ.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад нэрвэгдсэн малчин өрхийн хүүхдийн сурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сурах бичиг тарааж гэртээ ээж, аавынхаа тусламжтай хичээлээ давтах боломж олгосон. Нийт 150 мянган ам.долларын хөрөнгө босгож 26000 хүүхдийг сургалтын багцаар хангасан гэдгийг хэлж байлаа.

ЗУД МАЛЧИН ӨРХИЙН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛДГИЙГ СУДАЛГААГААР ТОГТООЖЭЭ

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийжээ. Судалгаанаас харахад, зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцлов.

Ялангуяа зудын нөхцлөөс улбаалан зам даваа хаагдсан, гэр бүлдээ туслах гэсэн шалтгаанаар сурагчид хичээлдээ ирэхгүй байх тохиолдол багагүй байжээ. Сурагчдын хичээлдээ ирээгүй хугацаа дунджаар 6-14 хоног байна. Харин Сүхбаатар аймгийн хувьд 14 хоногоос дээш хугацаанд хичээлдээ ирээгүй сурагчид илүү олон байлаа.

2023-2024 онд зудын гамшиг хамгийн өндөр газар нв ус аймаг байсан юм. Зуд хүндэрсэнтэй холбоотойгоор зам даваа хаагдаж, хичээлдээ ирэх унаагүйн улмаас сурагчид хичээлээ тасалсан тохиолдол Баянхонгор, Дундговь аймагт мөн өндөр байжээ.

Зудын үеэр сурагчдын хувьд, хичээлээ ойлгохгүй, хичээлээ нөхөж чадахгүй гүйцэхгүй болох, сэтгэл санаа тогтворгүй болох, багшаасаа айж эмээх, багш нарын дэмжлэг туслалцаа сул байх, их ядрах зэрэг бэрхшээл үүссэн талаар судалгаанд оролцсон дунд, ахлах ангийн сурагчид дурджээ.

“МАЛАА БАРСАН ИРГЭД ХОТ БАРААДАХААС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛДОГ”

No description available.“Өвөл хаварт бэлэн үү” уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр “Зуд нүүрлэж, малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадаж амьдрахаас өөр сонголтгүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөн нэмэгдэж байна.

Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Шилжин ирэгсэдийн дийлэнх нь залуу гэр бүл. Нийт шилжин ирж буй хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан юм билээ. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байна хэлж болно.

ХХААХҮЯ өнгөрсөн жил ОХУ-аас 8250 тонн малын тэжээл авч тараасан. Малгүй болсон иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор “Малжуулах хөтөлбөр” -ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт нийт 2769 өрхөд хонин толгойд шилжүүлснээр 132614 толгой мал 22.1 тэрбум төгрөгөөр худалдан авч өгсөн.

Мөн малчдыг дэмжих нэг арга хэмжээ бол “Шинэ хоршоо” хөдөлгөөн. Үүний хүрээнд 4467 хоршоо шинээр байгуулж, 514,8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Одоогоор 57 тэрбум төгрөгийн зээлийг судалж байна. Зээлийн батлан даалтын сангаас 2890 хоршооны 9112 гишүүн малчинд 225,7 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргалаа.

Монгол Улсад тэжээлийн 30 үйлдвэр ажиллаж байна. Шинээр байгуулагдаж буй үйлдвэрт тоног төхөөрөмж болон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохих түвшинд хангаж байна.

Цаг уурын байдлаас харахад, нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага сайн, 20 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь тааруу байсан мэдээ ирсэн. Нийт бэлчээрийн 30 хувь нь даац хэтэрсэн гэсэн судалгаа гарсан. Аймгууд чадах чинээгээрээ өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна” гэлээ.

УЦУОШГ: ЭНЭ ӨВӨЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА ГЭСЭН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРСАН

Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр, энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байна гэсэн урьдчилсан төлөв гаргажээ. Ерөнхийдөө 2050 он гэхэд байгалийн гамшиг олон удаа давтагдаж болзошгүй байгаа аж. Цаашдаа зудын эрсдэлтэй олон удаа нүүр тулгарна гэдгийг ч хэлж байв.

No description available.

No description available.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу