УИХ-ын чуулганы Пүрэв гариг (2024.10.17)-ийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудыг эзэмшигчдийн нэрийг зарлахыг шаардсан юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Чингис хаан банкийг эзэмшдэг гурван хөрөнгө оруулагч буюу иргэн Батаа, Батхүү, Бүтэд нар хувьцаагаа гаднын хөрөнгө оруулагчдад заръя гэсэн санал гаргасныг Монголбанк хянаж байна.

Хөрөнгө оруулалтын мөнгө нь орж ирвэл энэ банкийг өөр хөрөнгө оруулагчтай болгоод, босгоод явахаар байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк компанийн нэр дээр байдаг. Тухайн компанийн хувьцаа хэд хэдэн хүний нэр дээр хуваагддаг. Д.Сумъяабазар гэдэг хүн нэлээн том хувьцаа эзэмшигч.

Эцсийн өмчлөгчдийн тухайд банк өөрөө нээлттэй зарлаад, өөрийн вэб хуудастаа тавих ёстой. Би энэ мэдээллийг тавиулна гэж үүрэг авъя. Мөн хэн нь хэдэн хувь эзэмшидэг талаар нарийн мэдээлэл гаргаж, Н.Алтанхуяг гишүүнд хүргүүлье” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу