УИХ-ын чуулганы Пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан.

Энэ үеэр Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир “Хүнсний хувьсгал”-тай холбоотойгоор зориулалтын бусаар ашиглагдаж байгаа хүүгийн татаастай зээл, хөтөлбөрүүдийг шалгаж эхэлсэн талаар мэдээллээ.

Тэрбээр “Иргэдийн орлого хангалттай хүрэлцэхгүй болохоор зээл авдаг. Зээл авахад банк бус санхүүгийн байгууллагын зээл 36-48 хувийн хүүтэй байдаг. Энэ нь эргээд өрхийн санхүүдээ дарамт учруулдаг нь бодит үнэн. Тиймээс Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл оруулж ирэхээр ажиллаж байна. Уг хуульд Солонгос, Япон зэрэг Азийн оронд тавьдаг хүүгийн дээд түвшинг барих замаар санхүүгийн дарамтуудыг бууруулах зохицуулалт хийх гэж байна.

Бодлогын хүүтэй банкны хадгаламж болон бусад зээлийн хүүг уях гэхээр банк бус санхүүгийн байгууллагууд өндөр хүүтэй бонд гаргадаг болохоор өндөр хүүтэй авсан эх үүсвэрээ өндөр хүүтэй гаргаж байна. Тиймээс Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүүгийн дээд хязгаарыг тавиад өгчихвөл санхүүгийн эх үүсвэр болох бондын хүү буурна. Тэр үед нь бодлогын хүүтэй уях бололцоо гарч ирнэ.

Мөн зориулалтын бусаар ашиглагдаж байгаа хүүгийн татаастай зээл, хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Орон нутгуудад эхний ээлжинд “Хүнсний хувьсгал”-тай холбоотой шалгалтаар эхэлж байна.

Зорилтот бүлгүүдэд зургаан хувийн зээл олгоод, орон сууцны зээлийн хүү бүсээсээ хамаарч ялгаатай хүүтэй байх нь зүйтэй. Хараат бус байдлын тухайд Мөнгөний бодлогын хорооны хараат бус байдлыг хангах ёстой. Одоо ханш суларч байгаад олон хүчин зүйл нөлөөлж байна” хэмээн хэлсэн.

Мөн тэрбээр Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВАН) эхний есөн сарын байдлаар 4 тэрбум 670 сая ам.доллар байгаа бөгөөд энэхүү бууралтад экспортын өсөлт бага, импортын өсөлт их байгаа нь нөлөөлж байгаа талаар хэлэв.

Д.Ган-Очир “Экспорт талдаа нүүрсний биет хэмжээ өсч, нийт экспортын 60 хувийг нүүрсний экспорт эзэлж байна. Гэхдээ нүүрсний үнэ огцом буурч байна. Энэ утгаараа нүүрсний экспортын орлого дангаараа 7-8 хувийн өсөлттэй байна.

Сүүлийн гурван сар дотор нүүрснээс орж ирэх орлого удааширч байна. Энэ нь биржийн үйл ажиллагаатай холбоотой юу, гэрээний нөхцөлтэй холбоотой байна уу гэх мэт олон асуудал бий. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газраар холбогдох байгууллагуудад анхааруулж ГВАН-ийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь том төслүүдээ хэрэгжүүлэхээр зарласан, төсвийн тэлэлт өндөр байгаа энэ цаг үед хүлээлтийг удирдах, ГВАН-д учрах дарамтыг бууруулахад чухал нөлөөтэй байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсантай холбоотой холбогдох дүрэм, журмуудыг Монголбанкнаас гаргасан. Олон улсын жишгийг харж байгаад хамгийн хөнгөлөлттэй байж болох нөхцлөөр дүрэм журмуудаа гаргасан.

Үүнийгээ гадаадын хөрөнгө оруулагчдад очиж сурталчилах ажлуудаа ч мөн идэвхитэй хийж байгаа. Үнэт цаасны үлдэгдэл 10 их наяд төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 8.7 их наяд төгрөг байна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу