Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр болон Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус барилдаануудын дүн өнөөдөр /2024.10.18/ өдөр гарах юм.

Барилдаанд бага буюу 16 насны ангилалд нийт 81 бөх барилдсанаас хагас шигшээд 30 хүүхэд шалгаран барилдав. Үүнээс өнөөдөр шигшээ барилдаанд 10 хүүхэд шалгарч аваргын төлөө өрсөлдөнө.
Энэ насанд Хөвсгөл аймгийн БТСГ-ын Б.Бадмаанямбуу, “Хонгор нутаг” дэвжээний Э.Мөнхбаатар, Хэнтий аймгийн БТСГ-ын А.Тайванбат, Өмнөговь аймгийн уугуул, “Алдар” спорт хорооны О.Сумъяабазар, Архангай аймгийн БТСГ-ын Э.Батмагнай, Баян-Өлгий аймгийн “Тастүлек” дэвжээний Б.Нурайдын зэрэг хүүхдүүд унаагүй болон хамгийн бага унаатайгаар бусдыгаа манлайлж явна.
Дунд нас буюу 17 насанд нийт 80 бөх барилдсанаас хагас шигшээд мөн 30 хүүхэд үлдэн шигшээ 10-д шалгарахын төлөө өрсөлдөж байгаа агаад ОХУ-ын Тува улсын бөх О.Максем, Баян-Өлгий аймгийн уугуул, Баянгол дүүргийг төлөөлсөн Е.Ховланды, Завхан аймгийн уугуул, “Эв Монгол” клубийн А.Буянжаргал, Говь-Алтай аймгийн уугуул, “Алдар” спорт хорооны Б.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн БТСХ-ны Ж.Далайцэрэн нар унаагүй болон хамгийн бага унаатайгаар тэргүүлэн барилдаж байна.
Том буюу 18 насанд 71 бөх барилдсанаас хагас шигшээд 30 бөх үлдсэн бөгөөд Төв аймгийн уугуул, “Алдар” спорт хорооны Б.Батжаргал, Өмнөговь аймгийн БТСГ-ын С.Баярбаатар, ОХУ-ын Тува улсынН.Сугдер, Завхан аймгийн БТСГ-ын Д.Нарантулга, Дорнод аймгийн уугуул, “Аварга” клубийн А.Дэмүүл нар унаагүй болон хамгийн бага унаатайгаар үеийнхнээ өнгөлөн барилдаж байгаа юм.
Харин Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд нийт 110 бөх оролцож байна. Бөхчүүд 10 хэсэгт хуваагдан барилдсанаас сумын заан Ц.Бямбацогт, Говь-Алтай аймгийн уугуул “Эв Монгол” клубийн бөх сумын заан Э.Бат-Өлзий, Баян-Өлгий аймгийн уугуул, “Алдар” спорт хорооны бөх С.Нуртилек, Завхан аймгийн БТСГ-ын бөх аймгийн начин Б.Сундуйжав, Увс аймгийн уугуул, “Алдартан” клубийн бөх, сумын заан Г.Цэрэнтогтох, Архангай аймгийн уугуул, “Бөхбилэгт” дэвжээний бөх Б.Хадбаатар, Говь-Алтай аймгийн уугуул, “Хантайшир” дэвжээний сумын заан Л.Отгонбаяр, Өвөрхангай аймгийн уугуул, “Эв Монгол” клубийн аймгийн начин Д.Сумъяабазар, Архангайн аймгийн уугуул, “Бөхбилэгт” дэвжээний аймгийн начин С.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймгийн уугуул, “Баатар Хангарьд” дэвжээний бөх, сумын заан О.Тамир нар одоогийн байдлаар хэсгээ тэргүүлэн барилдав. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу