Сүхбаатар дүүргийн энэ оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж, нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн, хороодын ЗДАА, цэргийн зарлан дуудах авсан залуус, тэдний гэр бүл, найз нөхөд, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга нар оролцлоо.

Энэ удаагийн цэрэг татлагын нэг онцлог нь цэргийн албанд тэнцсэн залуусыг цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан бол энэ удаа дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байгаа юм.

Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга В.Гомбодорж хэлэхдээ “Батлан хамгаалах яамнаас Хугацаат цэргийн алба, цэрэг халалт, татлагын ажлын зохион байгуулалтыг сайжруулах тухай албан даалгавар гаргасан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб бэлтгэл ажлыг сайтар ханган цэрэг татлагыг эхлүүлж байна. Засаг даргын Тамгын газраас цэргийн алба хаагч, дайчдынхаа анги салбарт нь эргэх ажиллагааг жилд хоёр удаа зохион байгуулж, ар гэрт нь ил захидал хүргэх, тэдний хооронд мэдээлэл дамжуулан эргэх холбоотой ажилладаг. Энэ удаа эцэг эх, ар гэрийнхэнд нь цэрэг татлагын явцын мэдээллийг хүргэн ажиллана” гэлээ.

Нээлтийн үеэр дүүргийн 3 дугаар хорооны иргэн, өөрийн чин хүслээр цэргийн алба хаахаар ирсэн Б.Лхагва-Очир үеийн залуус найзууддаа хандан Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн, үеийн нөхөдтэйгээ мөр зэрэгцэн алба хаах болсондоо баяртай байгаа, цэргийн алба хааснаар бид бие бялдрын хувьд чийрэгжихээс гадна англи хэл, компьютерын мэдлэгээ сайжруулах, илүү хөгжих боломжтой болсонд баярлалаа, хамгийн шилдэг залуусыг “ЦЭРГИЙНХЭН” гэж боддог гэлээ. Мөн татлагын үеэр Монгол цэргийн музейн хамт олон явуулын үзмэрээ дэлгэж сонирхууллаа.

Эх сурвалж: СБД-ийн ЗДТГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу