Энэ жил Улаанбаатар хотын 87 байршилд 162.3 километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсээр ирсэн. Албаныхны мэдээлж буйгаар, зам засварын ажил өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байгаа аж. 

Замыг 2-3 өдөрт буюу богино хугацаанд засаж буй нь нэг талаараа сайшаалтай. Гэвч нөгөө талд “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгч болох вий гэх шүүмжлэл байна.

Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас Энхтайваны гүүрээс Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг хааж, засаж эхэлсэн. Уг замыг 21-ны өглөөний 6:00 цагт нээхээр төлөвлөсөн байсан ч цас орсны улмаас 20-нд дуусгаж нээжээ. Гэтэл уг зам нь стандартын шаардлага хангаагүй, долгион үүссэн байгаа юм. 

Энхтайваны гүүрээс Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг засах тендерт “Трүйрөүд” гэх компани шалгарчээ.

Тус компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх замын талаар “Зам засварын ажлын хучилт нэлээд шахуу явагдлаа. Иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд амралтын өдрүүдэд хааж, зам заслаа. Ням гарагт цастай байсан учраас замыг үргэлжлүүлэн засах боломжгүй байна. Ямар ч байсан манайх стандартын дагуу хучаад дууслаа. Цахим орчинд зураг нь тархаад буй замын тухайд бид шөнөөр ажилласан. Тэрүүхэн тэндээ багахан хэмжээний түвшин алдсан тохиолдол байгаа. Хэрэв тухайн хэсгийг засах шаардлагатай гэж үзвэл дулааны улиралд засчихна. Стандарт алдсан зүйл байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна. Долгионтсон хэсгийг дулааны улиралд “Трүйрөүд” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварлах аж.

Тус хэсгийн замыг хэдэн төгрөгөөр зассан талаар судалж үзэхэд, 

Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Энхтайваны гүүрнээс дунд голын гудамж, Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын тендер сонгон шалгаруулалтыг зургаадугаар сарын 26-нд зарлажээ. Улмаар дөрвөн компани оролцсоноос наймдугаар сарын 8-нд “Трүйрөүд” компанийг шалгаруулсан байгаа юм. Замыг засах нийт төсөвт өртөг нь 2 тэрбум 903 сая 700 мянган төгрөг бөгөөд “Трүйрөүд” компани 2 тэрбум 840 сая 588 мянга 824 төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлжээ. 

Тэгэхээр уг зам засварын ажлыг 2 тэрбум 840 сая 588 мянга 824 төгрөгөөр гүйцэтгэсэн гэсэн үг юм.

Нийслэлийн хэмжээнд засаж буй 162.3 километр замын ердөө нэг км-ийг нь хэрхэн засаж буй жишээ энэ. Зам засварын ажил эрчимтэй хийж буйгаараа попорч суухаар татвар төлөгчдийн мөнгөөр тоглохгүйгээр чанартай зам тавихад анхаарна уу, Хотын дарга аа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу