Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2024.10.21) 10.00 цагт эхлэхээр товлосон. 

Гэвч шүүгдэгч нарын нэг нь өвчний улмаас, хоёр өмгөөлөгч шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.

Ийнхүү өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд хэрэг шилжсэн юм.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу